С.Баяр нойрноосоо сэрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Нэгэн үе таван төгөлдөршил хэмээх мянгуужингийн үлгэр ярьж, Засгийн эрхийг атгаж байсан С.Баяр ичээнээсээ гарлаа. Тавантолгойн орд гараанаас хөдлөхөд бэлэн болж, ирэх оны сонгууль хаяанд ирсэн нь түүний нойрыг үргээсэн бололтой. Өөрөөр хэлбэл, хуучны дурсамжийг нь сэдрээж, сэтгэлийг нь гижигдэж орхив.

Учир нь Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөшүүргийг түүний тэргүүлсэн Засгийн газар татсан. Тухайн үед Оюутолгойн гэрээг үзэглэснээр Фрийдланд гэх нөхөр өрмийг нь цөлмөж, Монголын талд хусам нь үлдэх талаар эрдэмтэн, судлаачдаас эхлээд иргэний хөдөлгөөнийхөн анхааруулж, жагсаал, цуглаан хүртэл хийж сануулсан. Гэсэн ч С.Баярт хусам нь л хэрэгтэй байсан юм.

Гэрээнд Монголын талд ашигтай заалт тун ховор. Иймдээ өдгөө ч хэл ам тасардаггүй. Байдал нэгэнт бишдэж, аянга толгой дээр нь буухаар байсан тул С.Баяр өвчнөөр халхлан дүүдээ халаагаа өгч, өөрөө амьгүй албат болон хувирсныг тухайн үед улс төрийн хүрээнийхэн мэдэж байсан. Гащхүү ард түмэн л түүний өрөвдөлтэй царайнд нь хууртаж орхисон юм. С.Баяр ажлаа хүлээлгэн өгөхдөө өнөөх л төгөлдөршлөө тодотгон ярьж байсан нь саяхан.

Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл, “Стратегийн том ордуудын ашиглалт, иргэний бүртгэл мэдээлэл, нийгмийн баялгийн хуваарилалт, сонгуулийн шударга тогтолцоо, төрийн албыг хамарсан таван төгөлдөршлийн эхний гурав нь хэрэгжиж эхлээд байгааг харж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд хамтын санаачилга, хамтын зүтгэл, оюун бодлоор амилж эхэлсэн энэ гурван төгөлдөршлөө би өнөөдөр зориуд дахин онцолмоор байна.

Олон жил гацаанд байсан Оюутолгойн гэрээ сая батлагдсанаар стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлын үүд нээгдлээ. Бидний амьдралд урьд өмнө нь төдий л хэрэглэгдэж байгаагүй гадаад үгээр триллион буюу их наяд төгрөг гэдэг шинэ тоо, шинэ хэмжүүр ,орж ирж байна. Уул уурхайн салбарын төгөлдөршлийн үр шимээр манай эдийн засаг руу цутган орж, хөгжлийн шинэ эрэмбэ рүү хөтлөх мөнгө, хөрөнгө энэ шинэ тоог дагуулж ирсэн юм” хэмээн бардамнаж гарсан.

Нэгэнт “толгойлогч” нь ажлаа хүлээлгэн өгсөн тул гэрээг үзэглэсэн гурван сайд ачааны хүндийг нуруундаа үүрч, элдвээр хэлүүлсээр гэрээг сайжруулахаар болж, тодорхой өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Товчхондоо, С.Баярын хийсэн лайг нь үүрэв. Харин энэ зуур С.Баяр байдлыг ажин, харь орноос дурандаж суусан.

Тэрбээр сонинд өгсөн ярилилагадаа “Би их том амбицтай хүн. Яг ямар амбиц вэ гэвэл, тусгаар Монгол Улсынхаа түүхэнд бичигдэж үлдэхсэн гэсэн амбиц байна. Бичигдэх бичигдэхдээ хийсэн, бүтээсэн, эхлүүлсэн ажлынхаа тов тодорхой үр дүнтэйгээ улсынхаа түүхэнд эерэг, сайнаар дурсагдаж бичүүлэхсэн гэсэн том мөрөөдөл, том амбиц надад байна.

Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн үүнээс бага амбицтай байж хэрхэвч таарахгүй гэж боддог” гэсэн нь бий. Үнэхээр ч Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад түүний. гүйцэтгэсэн гавьяаг түүхэвд бичихгүй байхын аргагүй. Улмаар тэрбээр сөрөг биш эерэгдүрээр мөнхрөх сонирхолтой тул энхийн цагаан тагтаа болж, харь орныг чиглэн ниссэн болж таарах нь. Өдгөө Тавантолгойн хөшүүргийг түүний халааг залгамжилсан дүү нь татах гэж байна.

Энэ үед ахын үг юутай үнэн болох нь харагдах мөч. Энэхүү түүхэн үетэй зэрэгцэн сонгууль дөтөллөө. С.Баяр хар дарж, хөлс нь цутгана. Засгийн эрхэнд гарч ирэхдээ амлаж байсан таван төгөлдөршлийн нэг нь сонгууль. Төгөлдөршүүлэхээр амласан анхны сонгуулийн эргэн тойронд болсон үйл явдал Монголд хар салхи далласан. Сонгуулийн дүнгээс үүдэлтэй үймээн таван залуугийн амиар өндөрлөсөн.

Улмаар унаган намын 80 жилийн түүхтэй байрыг шатаав. Сонгуулийн тогтолцоо төгөлдөршсөн, ядаж энэ гольдрил руу чиглэсэн байсан бол Онц байдал зарлах хүртэл нөхцөл байдал хүндрэхгүй, таван алтан амь эрсдэхгүй байлаа. Жирийн иргэн нь төрийн цагдаагийн өмнөөс чулуу барихгүй, 2008 оны сонгуулийн үр дүн нь үнс нурам, үхэл хагаидаар хэмжигдэхгүй байх байсан. Төгөлдөршилийг төгс эхлүүлчихсэн бол  Монголын шоронгууд “долдугаар сарын 1″-ний гэсэн тодотголтой хүүхэд, залуус, эмэгтэйчүүдээр бас дүүрэхгүй байлаа.

Гэсэн ч төгөлдөршил хэмээгч нь дампуурал гэсэн үгний халхавч нь байж. Учир нь 2008 оны сонгуулийн үймээний анхны алхмыг нь С.Баяр удирдан, зохион байгуулсан талаар учир мэдэх нэгэн цайны хачир хийж суусан. Тэгээд ч тухайн үед МАХН парламентын ээлжит сонгуульд бүртгүүлэх хугацаанаасаа ч хоцрон байж намуудын нэрсийн жагсаалтад арай гэж багтсан. Ингэхдээ өрсөлдөгч намынхаа мөрийн хөтөлбөрийг хулгайгаар харж, хуулбарласан болох нь тодорхой байв.

Энэ нь нэг саяын эсрэг “Эх орны хишиг” хэмээх 1.5 сая төгрөгийн батламж. Мөн санал хураалтын дүн гараагүй байхад шөнө дундаас эхлэн МАХН ялалт байгуулсан гэх мэдээллийг зориудаар тараах болсон нь түүний мэргэн ухаан байсныг хожим нь намын нөхөд нь хуучилдаг.
Үймээний дараа Онц байдал зарлахыг тулгасан хүн нь С.Баяр байсан хэмээх Н.Энхбаярын мэдүүлэг ч хууль, хяналтын байгууллагынханд бий.
Энэ бүхэн түүний ярьж байсан төгөлдөршлийн эхний алхмууд. Харин дараагийн алхам ирэх жилийн сонгуулиар тодорхой болно. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх сонирхол АН-д гэхээсээ илүүтэй МАН-д байсан. Бүр 100 хувь пропорциональ элементийг оруулах хувилбар С.Баярын Засгийн газраас эхлэлтэй.

Бур 2007 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах саналыг МАХН-ын бүлэг оруулсан боловч АН-ынхнаас дэмжлэг авч чадаагүй байдаг. Учир нь тухайн үед сонгууль ойртсон байсан төдийгүй АН-ын рейтинг өндөр байсан тул тоглоомын дүрэм өөрчлөгдөх сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй хэмээн болгоомжилжээ.

Харин өдгөө МАН-ын зан нь хувирч, өнөөх л “төгөлдөршлөө” хэрэгжүүлэхээр зэхэж буй бололтой. АН сонгуулийн тогтолцоон дээр буулт хийсэн ч ах нам хүлээн авахаас татгалзсан. Тэдний эцсийн зорилго нь жалга довны үзэл, буохй луйвар ихтэй жижигсгэсэн можаритор тогтолцоо.

Өнөөгийн 26 тойргийг дахин 52-т хуваах гэнэ. Тойрог жижигрэх тусам мөнгөний сонгууль болдгийг МАН хамгийн сайн мэднэ. Гэхдээ л энэ тогтолцоондоо учиргүй хайртай гэдгээ тэд харуулах боллоо. Шуудхан хэлэхэд, С.Баярын хэлж, зориод байсан төгөлдөршил хэзээ ч биелэлээ олохгүй мянгуужингийн үлгэр гэдгийг тэд дээрх үйлдлээрээ тодотгож байна.

Ямартай ч сонгууль дөтөлсөн эл өдрүүдэд С.Баярын гэх тодотголтой улс төр Тавантолгойгоор хачир хийж, гараанаас хөдөлсөн нь эл хүрээнд өрнөж буй үйл явдлаас ажиглагдах боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top