С.В.Паушок гэдэг хүнийг монголчууд сайн мэддэг болсон. Сайн хулгайч, луйварчин гэдгийг нь ч голдоо ортол мэдэрсэн биз. Тэр “Алтан дорнод монгол” компаниа Монголд санаандгүй байгуулчихаагүй. Цаанаас нь Оросын том гарууд түүнийг хатгаж, чиглүүлж, зааж, зааварлаж байлаа. Монголын алтыг яаж хямдхан, хажуугаар нь бас үнэгүй туух аргыг мань эрд Оросын нефть хийн мангасууд сайтар ойлгуулан илгээсэн юм. Зөвхөн алт ч биш, Дорнод Монголын нефть, уран руу түүнийг залж байв. Оросууд Чех улстай манай Дорнодын нефть рүү орох төлөвлөгөө боловсруулан, энэ ажлыг Монголд хариуцах гол хүнээр С.В.Паушокыг тохилсон гэдэг. Гэвч тэр алтны хойноос хэрүүл хийж давхисаар яваад энэ үүргээ биелүүлж чадаагүй. Цагдаа Афганистанд байлдаж явсан, цэргийн гавьяаны одонгоор энгэрээ мялаасан С.В.Паушок Монголын 50 тонн алтыг гулруучихсан гэх яриа одоо ч үргэлжилсээр байгаа. Гэхдээ нэг сонин зүйл гэвэл Монгол банкныхан энэ талаар юу ч дуугарахыг хүсдэггүй. Манай улсад онц их хэмжээний хохирол учруулж, татвараас зайлсхийсэн мань эр Олон улсын арбитрын шүүх дээр ялагдал хүлээсэн ч одоо төлбөрөө барагдуулахаас бултаж байна. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байтал манай прокурорууд хэрэгсэхгүй болгочихсон. Тэд үүнийгээ “Паушокын өрийг барагдуулах боломжтой байгаа. Эрүүгийн гэх хэрэг нь үндэслэлгүй юм билээ” гэж тайлбарласан. Энэ үеэр харин Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын найз нь “Алтан дорнод монгол” охин компани болох “Бумбат”-ыг нь хувьдаа авахаар болчихсон байлаа. Мөн сүүлийн үед толгой компанийг нь бас авна гэсэн яриа гараад байна. Ийнхүү Оросын мафийн сүлжээний гол төлөөлөгчийн удирдаж байсан “Алтан дорнод монгол” бүхэлдээ Монгол хүмүүсийн гарт орлоо. Саяхан харин Архангай аймагт үйл ажиллагаагаа явуулж байсан тус компаний алтны уурхайн салбарыг Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгаж, хууль бусаар алт олборлож байсныг нь зогсоожээ. Гэтэл үүний дараахан “Алтан дорнод монгол”-ыг дампууруулах шүүхийн шийдвэр удахгүй гарна гэсэн мэдээлэл түгж эхлэв. Дампуурлын хуулиар нь аваад үзэхэд энэ компани төлбөрийн ямар ч чадваргүй болчихсон юм гэнэ ээ. “Алтан дорнод монгол”-ын өрийн доод хэмжээ одоо 500 орчим тэрбум төгрөг болоод байгаа аж. Олон улсын арбитрын шүүх дээр манай Засгийн газраас өмгөөллийн хөлсөнд 6 тэрбум гаруй төгрөг төлсөн. Тэгвэл одоо адгийн наад зах нь энэ мөнгөө ч С.В.Паушокын компаниас олж авч чадахгүй болж байх шиг байна. Битүүмжилсэн хөрөнгө нь чанар байдлаа алдаж, зарим нь хулгайн замаар орсон муу мэдээ бас бий. Тэдгээрийг нь зараад ч манайх С.В.Паушокын үүсгэсэн өрийг барагдуулж чадахгүй юм байна. Энэ бүхнээс үзэхэд С.В.Паушок манай хууль хяналтынхантай хуйвалдан уснаас хуурай гарах бүх боломжоор хангагдсан байжээ. Тэр дахиад л монголчуудыг хулхидлаа. “Надад та нарын нэхэмжлээд байгаа тэр их мөнгө даанч алга, би төлбөрийн чадваргүй болж, компаниа дампууруулчихсан” гээд жишим ч үгүй яваад өглөө, С.В.Паушок гуай.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )