Нэг оюутанд 491960 төгрөг олгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж Хүний хөгжил сангаас оюутнуудад 500 мянган төгрөг олгох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

-Хүний хөгжил сангаас оюутнуудад олгох 500 мянган төгрөгийг олгох талаар Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гарсан бэ?
-Хүний хөгжил сангаас өнгөрсөн онд хувь хишгийг боловсролын үйлчилгээнд бэлэн бусаар олгож болох тухай заалт орсон байгаа. үүнийгээ дагуу 500 мянган төгрөгийг их дээд сургууль болон коллежид суралцаж байгаа өдрийн ангийн оюутнуудад олгох тухай шийдвэр гарч хэрэгжсэн. Одоогийн байдлаар нийт 130 мянга гаруй оюутанд 66 тэрбум төгрөгийн санхүүжилт оруулсан байгаа. Ирэх онд ч мөн оюутнуудад олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Нэг оюутанд 491960 төгрөг олгогдохоор болсон. Учир нь оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлбөрийн 8040 төгрөгийг хүний хөгжил сангаас олгодог мөнгөнөөс дээрх мөнгийг олгохоор болсон юм.

-Хуучин журмаараа олгогдох уу?
-Тиймээ. Сургалтын төрийн сангийн зээл, Хүний хөгжил сангаас олгогдох бүгд тусламж хуучин журмаараа явагдана. Өөрөөр хэлбэл сургалтын төрийн сангаас зээл авах эрх бүхий оюутнууд хичээлийн жилийн эхний дөрвөн сарын мөнгөө тус сангаар хийлгэж болно. үлдсэн мөнгийг нь Хүний хөгжил сангаар хуучин журмаараа авна.

-Зарим их дээд сургуулиудыг нэгтгэх асуудал яригдсан уу?
-Засгийн газрын өмнөх хуралдаанаар Цагдаагийн академи, ХЦДС, үндэсний тагнуулын академи гэсэн сургуулиудыг нэгтгэж Дотоод хэргийн их сургууль байгуулах шийдвэр гарсан. Цагдаагийн академи, ХЦДС-иуд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан сургууль учир өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор татан буулгалаа.

-491960 төгрөгийг олгоход төсөвт хэчнээн төгрөгийн тодотгол орно гэсэн үг вэ?
-Энэ онд 85 тэрбум төгрөг төсөвлөснөөс 66 тэрбумыг нь авсан байгаа шүү дээ. Үлдсэн мөнгийг нь улсын төсөв бүрдэх цагаар Хүний хөгжил санд нэмж тусгана.

-Үүнээс гадна оюутнуудад cap бүр 70 мянган төгрөг олгох журам гарсан байгаа. Хэзээнээс олгож эхлэх вэ?
-Улсын төсөв бүрдэх ажил эхлээгүй байгаа учраас энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Төсөвт хөрөнгө суусан цагт яригдах болно.

-Сургалтын төлбөр нэмэгдэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна. МУИС-иас эхлээд кредит цагийнхаа мөнгийг нэмсэн байна?
-Долдугаар сарын дундуур төрийн өмчийн бүх сургуулийн удирдлагуудад 9.4 хувиас дээш нэмж болохгүй гэсэн чиглэл өгсөн. үндэсний статистикийн хорооноос бидэнд өгсөн мэдээллээр өнгөрсөн оны есдүгээр энэ оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл инфляцийн төвшин 9.4 байна гэж гарсан. УБИС-ийн хувьд 9.4 гэсэн шийдвэрээ гаргачихсан байгаа. Төрийн өмчийн удирдлагуудыг яаманд хүлээж авч шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцана. МУИС-ийн хувьд удирдлагууд нь хуралдаж арга хэмжээ авах болно.

 

Эх сурвалж:Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top