Шүлхий өвчнөөр бүсүүдийг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Шүлхий өвчнөөр эрүүл, хяналтын болон тайван бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”-ыг  батлах тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолоор Баян-Өлгий, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд аймгийг шүлхий өвчнөөр эрүүл, вакцин хэрэглэдэггүй, Архангай, Булган, өвөрхангай, Орхон аймгууд, Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Баяндалай, сумдыг хяналтын, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дархан- Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Төв аймаг, Улаанбаатар хотыг шүлхий өвчнөөр тайван, вакцин хэрэглэдэг бүсэд тус тус хамруулахаар болов. Бусад бүсээс мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт, хамгаалалтын дор нэвтрүүлэх зорилгоор Завхан, Архангай аймгийн зааг “ Солонготын даваа” Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын “ Гуртын гүүр”, Төв аймгийн Лүн сумын “ Гүүрний ам”-нд тус тус хяналтын цэгүүд байгуулахыг Булган, Өвөрхангай, Завхан, Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Хяналтын цэг байгуулахтай холбогдон гарах зардлыг 2011 оны төсвийн хязгаарт багтаан зохицуулалт хийж санхүүжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгалаа. Цаашид хяналтын цэг болон бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналь тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top