Хотын захирагч Г.Мөнхбаяртай дахиад шүүхдэлцэх үү

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18


Хот байгуулалт, барилгажилтын ажил хог дээр хаягдаад олон жилийн нүүр үзэж байна. Үе үеийн хотын захирагч, түүний ажлын албатууд олигтой юм бараг хийсэнгүй. Хотын иргэд өдөр тутам бухимдалтай аж төрсөөр. Энэ талаарх жишээ баримт дэндүү олон. Хаваржин, зунжингаа хэвлэлээр гарсан “Алтай констракшн”-ы захиралууд Хан-Уул дүүрэгт, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байсныг иргэд гомдол гарган нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар үйл ажиллагааг нь зогсоосон юм. Гэтэл Г.Мөнхбаярыг тус компанийнхан шүүхэд өгчээ. Шүүх хурал  өчигдөр болох байсан боловч гурав дахь гэрчүүдийн хүсэлтээр хурлыг түр хойшлуулжээ. “Алтай констракшн”-д газар олгосон газрын албаныхан харин ямар ч хариуцлага хүлээлгүй үлдэх бололтой. Муу л бол баруун хойд хар овоохой гэгчээр тухайн үеийн хотын захирагч асан М.Энхболд, Ц.Батбаяр мэтийн хүмүүс рүү хамаг бурууг чихээд сууж байгаа гэнэ. Тэд “Алтай констракшн”тай хуйвалдсан бол бас хариуцлага тооцох ёстой. Гэхдээ газрын зөвшөөрлийн бүх бичиг баримтыг газрын албаныхнаас өөр хэн ч гардаж хийдэггүй. Илт буруу шийдвэр гаргасан нь үнэн бол Г.Мөнхбаяр даргад бас тэр үеийн захирамжийг нь хүчингүй болгох эрх бий.

            Үүнтэй утга ойролцоо бас нэг маргааныг мөн “Зан интернэйшнл” компани дэгдээжээ. Хотын төвд хуучин нэгдүгээр 40 мянгатын дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 44,45 дугаар байрыг хооронд нь холбон барилга барих захирамжийг 2004 онд нийслэлийн засаг дарга гаргасан байна. “Зан интернэйшнл”-ийн энэ барилга баригдвал хажууханд нь байгаа сууц өмчлөгчдийн холбооны байр болон 44,45 дугаар байрны оршин суугчид байгалийн гэрэл гэгээ үзэхгүй, ялангуяа өвлийн цагт өдөр яагаа ч үгүй байхад шөнө шиг харанхуй нүхэнд хоргодож суух болж буй аж. Нэлээд олон цонхыг нь тус компаний барилга хааж орхих юм байна. Ийнхүү хууль тогтоомжуудыг зөрчин барилга барихаар газрын зөвшөөрөл авсаныг нь 2008 онд Засгийн газрын тогтоолоор буруушааж, хотын захирагч асан Т.Билэгтэд эдгээр зөрчлийг арилгаж хариу мэдэгдэхийг даалгаж байжээ. Гэвч Засгийн газрын тэрхүү тогтоол биелсэнгүй. Ийм том толгой гаргах ямар хүн цаана нь байгааг анзаарсан оршин суугчид ярихдаа “Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажилтан Нарангарав гэдэг эмэгтэй ийм хууль бус юм хийгээд байгаа” гэж байв. “Зан интернэйшнл”-ийн захирал Б.Болормаа гэгч нь Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн ажилтан Б.Цэцэгдэлгэрийн эгч нь юм гэнэ. Б.Цэцэгдэлгэр нь Нарангаравыг, Нарангарав нь хотын газрын албаныхныг лоббидож явсаар ийнхүү хууль зөрчсөн бололтой. Хэзээ үүнийгээ засаж, залруулан олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах бол хэмээн оршин суугчид нь хүлээсээр байна. Г.Мөнхбаяр дарга уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож таарна. Гэтэл “Алтай констракшн” шиг дахиад түүнийг шүүхэд өгөх үү. Арай үгүй байлгүй дээ.     

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top