Төр, түмнээ хамгаалах тангараг өргөсөн албан хаагч хүчингийн хэрэг үйлдсэнээ хүлээх ёс зүйгүй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Та бидний амь нас, өмч хөрөнгийг хамгаалах  ёстой  ОБЕГ-ын албан хаагчид саяхныг хүртэл нэр цэвэр байсан. Харин  саяхнаас  ОБЕГ-ийн  нэр сэвтэж эхлээд байгаа. Сэвтэх үүдийг тус газрын дарга асан Д.Даш,  Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр нар нээсэн гэхэд буруудахгүй.  Дээдэс нь ийнхүү гүйдлээ олохгүй байгаа нь доодост нь нөлөөлөв үү? Эсвэл албан хаагчид нь угаасаа ухамсар, ёс зүй  доройгоос болов уу?  ОБЕГ-ын алба хаагчид нь ганцхан жилийн дотор  Монголчууд бидний улаан махны хэрэг хэмээн үздэггүй хүчингийн хэрэг хийсэн. Тодруулбал өнгөрөн оны сүүлээр ОБЕГ-ын авто баазын хэсгийн дарга, ахмад С.Золжаргал  найман настай охиныг хүчиндсэн. Түүнд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 10 жилийн хорих ял оноосон юм.  Бяцхан охиныг бүх  насаар нь сэтгэлийн шархтай үлдээсэн энэ хэрэг шийдэгдээд удаагүй байхад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн алба хаагч, Шадар түрүүч Б.Батсоёл 22 настай Золзаяа гэх бүсгүйг хүчинджээ.  Ёс зүй, хүн чанарыг юман чинээ бодоогүй  ОБЕГ-ын алба хаагч өөрийн эксель маркийн машинаараа таксинд явдаг бөгөөд өөрийнх нь машинд суусан Золзаяа гэх бүсгүйг хүчиндэж байгаад үйлдэл дээрээ баригдсан.  Энэ хэрэг өнгөрсөн 4-р сарын 14-15нд шилжих шөнө гарсан юм.  Тэрээр хохирогчийг Сүхбаатарын талбайн өмнө байрлах “Кристал”цэнгээний газрын үүднээс авснаар хэрэг гарчээ.  Энэ хэргийн шүүх хурал өчигдөр болж яллагдагчид эрүүгийн хуулийн 126,1-р зүйл ангид зааснаар буюу хохирогчид хүч хэрэглэж,хүч хэрэглэхээр заналхийлэх, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн гэх үндэслэлээр ялласан. Хэрэгтэнд жил зургаан сарын хорих ял оноосон юм.
Хэргийн талаар хохирогч бүсгүй: Биеэ хамгаалах боломжгүй байдлыг минь  ашиглан  Б.Батсоёл намайг машинаасаа буулгалгүй давхисаар Баянзүрхийн товчооны гүүрэн доор очоод хүчиндсэн. Ингэхдээ зодож дарамтлан, биед хүнд гэмтэл учруулсанд гомдолтой байна. Мөн шар өвчин халдааснаас болж би ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэсэн гэж мэдэгдсэн. 
Харин төрдөө тангараг өргөж,  уншигч та бидний даатгалын мөнгөөр цалинжиж, хувцаслаж эхнэртээ үнэнч, эх орондоо хэрэгтэй хүн байна гэж амласан амлалтаа биелүүлээгүй Б.Батсоёл хэргийн талаар:  Золзаяа гэх энэ хүн өөрөө л эхэлж би гэртээ согтуу ормооргүй байна. Хоёулаа тохиръё гэж санал тавьсан ш дээ. Насанд хүрсэн хүмүүс болохоор тохиролцоод хурьцал үйлдсэн. Тэр үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирэхэд энэ эмэгтэй  гэнэт сонин зан гаргаж, намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн.  Намайг тэр дор нь  баривчилж, байцаалт аваад Ганцхудагт хоёр сар хоригдоод батлан даалтад гарлаа.  Согтуу эмэгтэй намайг  хэрэгтэн болгож гүтгэж байгаад гомдолтой байна. Өөрөө тохирчхоод хэрэгтэн болгоно гэж санаанд оромгүй юм гэж мэдэгдлээ.
Б.Батсоёл нь дээрээ нэг эгчтэй , айлын ганц хүү. 1988 онд төрсөн, эхнэр хүүхэдтэй. Гал сөнөөгчөөр ажиллаад гурван жил болж байгааг эх сурвалжууд хэлсэн юм.
Эхнэртээ, төр улсдаа  үнэнч байна гэж  тангараг өргөсөн  энэ албан хаагчийн хувьд тангараг нь  зүгээр л амнаас унагасан хий байсан бололтой.    Түүний энэхүү гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа нь  гэр бүл, үр хүүхэд,  ОБЕГ-ын нэр төрийг сэвтүүлээд зогссонгүй  бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. 
ОБЕГ-ын дарга цэрэгт ёс зүйн сургалтад хамруулах цаг болжээ.  Хэрэв төр түмнээ хамгаалах тэд ёс зүйтэй байсан бол өнөөдөр дээр дурьдсан гэмт хэргүүд лдэгдэхгүй,  хэн нэгний амьдрал сэвтэхгүй л байх байсан болов уу.  ОБЕГ-ын одоогийн удирдах албан тушаалтнуудыг  ухамсартай, жаахан  ч  гэсэн ёс суртахуунтай гэж найдья.  Та бүхэн  ажилчдаа  ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа  үнэнч байлгах тал дээр анхаарал хандуулан ажиллахыг энэ нийтлэлээрээ дамжуулан  дуулгая.

А.Аюурзана

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top