Улсын начин Б.Одхүү дахиад хүн зодож, цагдаа нараас зугтаагаад олдохгүй байгаа тухай мэдээлэл хаа сайгүй түгэж байна. Харин өчигдрийн байдлаар зарим эх сурвалжууд түүнийг Хэнтий аймагт очсон байж магадгүй гэжээ. Тэрээр Хэнтий аймгийн Батширээт суманд төрж өссөн юм. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа хүн зодож, шүүхээс тэнсэнгийн ялтай гарч байжээ. Түүнийг бөх болох замд нь хөтөлж оруулан, жудогоор хичээллүүлж, Афины олимпод оролцуулан, байнга халамж анхаарал тавьж байсан хүний нэг нь дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэдгийг бөхчүүд сайн мэднэ. Мөн дэлхийн аварга Ц.Дамдин бас түүнд нөмөр нөөлөг болж явсан үе бий. Гэвч сайн хүний нэрийг гурав худалдаж идэв гэгчээр Б.Одхүү бөхийн ёс жудагаа нэгэнт алдаж дууссан бололтой. Тэрээр урьд нь цагдаад албан ёсоор бүртгэгдсэнээр бол 10 гаруй удаа хүн зоджээ. Нэг удаагийнхад нь мань эр цөөн жилийн ял сонсож байсан ч тэнсэн харгалзах ял болгож хөнгөлүүлсэн гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр “River sound” бааранд Сөүлийн олимпод оролцсон Олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатыг хоолны өрөө рүү нь дагуулж ороод зоджээ. Ойр хавийн хүмүүс болон баарны хамгаалагч нар Б.Одхүүгээс айгаад огт хөдлөөгүй, цөмөөрөө гарч зугтсан бололтой. Эрдэнэбат түүнтэй бааранд тааралдаад ямар нэг зүйл яриагүй байсан гэнэ. Б.Одхүү Эрдэнэбатыг ухаан алдтал зодож, толгой, цээж рүү нь олон удаа хүчтэй цохисноос хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар шалгаж байгаа юм байна.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 1 )
богсчин зодсон энэ тэр гээд байсан 50 хүрч байгаа 60 хэдхэн кг жинтэй хүнийгэл зодсон байна лээ энэчинь харин шог гаруу айн