Өчигдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдлагын зөвлөл хуралдлаа. Тус хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат урилгаар оролцож, АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүдтэй АН-ын бодлого, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, уулзаж ярилцсан юм. Уулзалтын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат намаас залуучуудын талаар баримтлах бодлого, зорилтын талаар мэдээлэл хийж, АН-аас зарласан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үндсэн чиглэлд залуучуудын санал бодлыг тусгах, үүний тулд АЗХ-оос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай буйг онцлоод АЗХ-ны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн 2012 оны бүх шатны сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр намынхаа залуучуудын байгууллагатай хамтран ажиллахаар болсон юм.
Харин АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Болор энэ үеэр хэлэхдээ “АЗХ-оос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөр нь Монголын залуучуудын хөгжлийг шинэ шатанд хүргэх маш чухал бодлого болох учир АН-ын бодлого, үйл ажиллагаа болон намын “Монгол хүн-2020” хөтөлбөртэй уялдуулж хэрэгжүүлсэнээр бид 2020 он гэхэд мэдлэг боловсролтой, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, улс орны хөгжлийг тодорхойлогч, дэлхийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч, шударга, авлигагүй, эрх чөлөөт нийгэмд амьдрах монгол залуучуудыг бий болгож чадах юм. Иймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буй энэ цаг үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцож байгаа нь ихээхэн чухал арга хэмжээ боллоо” гэсэн юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүд оролцсон энэхүү уулзалт нь намын зүгээс залуучуудын талаар, намынхаа залуучуудын байгууллагын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц өгсөн үр дүнтэй уулзалт боллоо.
Сэтгэгдэл ( 0 )