Бидэрийн Баярсайхан
МЗЭ-ийн гишүүн. 1973 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ. Архангай аймгийн I сургууль, УБИС-ийг утга зохиолын ажилтан, судлаачаар төгссөн.
"Аргал хатаагүй зун" 1995, "Залуу насны гэрэлт шувуу" 1999 яруу найргийн ном нь хэвлэгдсэн. 2003 онд МЗЭ-ийн шагналаар шагнагдсан.
Мөнхзул бүсгүй
Хаврын борооноос чамайг хайдаг амраг минь
Хачин сайхан үсний чинь үнэрийг үгүйлдэг
Хачин сайхан үсний чинь үнэрийг үгүйлдэг ээ
Хаврын борооноос чамайг хайдаг амраг минь
Зуны борооноос чамайг хайдаг амраг минь
Зураг хуар шиг сайхан нүдийг чинь санадаг
Зураг хуар шиг сайхан нүдийг чинь санадаг аа
Зуны борооноос чамайг хайдаг амраг минь
Намрын борооноос чамайг хайдаг, амраг минь
Намс намсхан төлөв алхааг чинь боддог
Намс намсхан төлөв алхааг чинь боддог оо
Намрын борооноос чамайг хайдаг, амраг минь
Цасан бударсан арван сарын үдэш
Цантсан сормос, зөөлөн инээдийг чинь хүсдэг
Цантсан сормос, зөөлөн инээдийг чинь хүсдэг ээ
Цасан бударсан арван сарын үдэш
Үзэмж төгс, үлэмж гоо Мөнхзул бүсгүйг
Үгүйлэхийн эрхэнд шүлэг бичдэг
Тэнгэр надад чамайг ирүүлсний хариуд
Тэнгэрлэг сайхныг хүмүүст би дуулдаг
Хаврын цэнхэр борооноор надад чи ирдэг
Хаврын цэнхэр бороог тэсгэл алдан хүлээдэг
Хаврын цэнхэр бороог тэсгэл алдан хүлээдэг ээ
Хаврын цэнхэр борооноор надад чи ирдэг
Зуны зүсрээ борооноор надад чи ирдэг
Зуны зүсрээ бороог зүйргүй ихээр хүлээдэг
Зуны зүсрээ бороог зүйргүй ихээр хүлээдэг ээ
Зуны зүсрээ борооноор надад чи ирдэг
Намс намсхан алхаатай Мөнхзул бүсгүй
Намрын будан дундуур хэнийг зорихыг мэдэхгүй
Намрын будан дундуур хэнийг зорихыг мэдэхгүй ээ
Намс намсхан алхаатай Мөнхзул бүсгүй
Нутаг минь тоонот минь
Аянчин шувуу нисээд очих нутаг минь
Алдуул морь гүйгээд хүрэх тоонот минь
Хуур шиг хүнгэнэх бугын дуунд чинь
Хулжсан нойр галын дөл шиг сэрвэлздэг
Хатсан өвсний харшилдан сэрсэгнэх нь
Хий үзэгдэл хаяа тэмтрэх шиг хөдөө минь
Найман сарын наранд онгосон майхан
Ноцох шахам хиншүү үнэртэн пүнхийж
Хойд хөлөө сэлгэн сойж, нуруу амраах
Унаа морь үүрэглэх нь юутай амгалан
Ширвэсэн, нойтон өвсний аагтайхан үнэр
Буларсан биеийн эд эсийг тэмтрэн сэрээнэм
Алдуул морь гүйгээд хүрэх нутаг минь
Ай, ийм тайвшралыг ахин хэзээ үзлээ би!
Хоёр хангайн нутаг хүрэнтэн найгана л
Хошууны олон та минь санагдах ч янзтай
Хэн хүний үр дуулсан дуу билээ
Хөнжил сэвэн нисэж ирсэн дуу билээ
Аянчин шувуу нисээд очих нутаг минь
Алдуул морь гүйгээд хүрэх тоонот минь
Өнөө л явъя, хүй цөглөсөн бууцаа эргэе
Өөжин гэртээ хүүгийн ёсоор очъё
Хатирч түргэн хүлгийн дөмөр дөмөр алхаанд
Хол ойрыг бодож хүний явдлыг цэгнэе
Хөлстэй тохмоо сэврээж, хүлэг морио амраая
Хоёр буурлаа түшиж хэд хоноё байз
Аянчин шувуу нисээд очих нутаг минь
Алдуул морь гүйгээд хүрэх нутаг минь
Сэтгэгдэл ( 0 )