Хятад жолооч дахиад монгол хүний амийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20


Монгол гэмт хэргийн орон болсон гэлтэй. Эрүүгийн гэмт хэрэг жилээс жилд албатай юм шиг өсөх графиктай боллоо. Нэр төрөл нь ч олширчээ. Аймшигт мэдээ дагуулсан гэмт хэргийн ертөнцөд гадаадынхан бас хувь нэмрээ оруулж байна. Монголд ажиллаж байгаа Хятад ажилчид тэднийг манлайлж явна. Ер нь зам, барилгын компаниудын чухам хэд нь Хятадын хөрөнгө оруулалттай, Хятад эзэнтэйг тоолж, мэдээлэхгүй байгаа. Энэ нь статистикийн нууц уу, бизнесийн нууц уу. Үүнд төрийн түшээд нь ч хариулт өгч чаддаггүй нь тун сонирхолтой. Саяхан хятадууд дахиад гэмт хэрэг өдүүллээ. Энэ хэрэг Өмнөговь аймагт болжээ. Тус аймагт хятадууд эзэгнэж байгаа. Таван толгойн нүүрс тээвэрлэлтийн ихэнхийг Хятадууд хийж байна. Тэдэнд Монголын хууль хууль биш байдаг бололтой. Цогтцэций сумын нутаг дэвсгэр байрлах Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт боомт  руу тээврийн хүнд даацын машинууд өдөр шөнөгүй цуварна. Байгалийн сүйтгэлд энэ нутаг өртөж дуусч байх шиг байна. Бөөн тоос боссон олон замаар тээвэр хийнэ. Жолооч нар нь замдаа юу байгааг ч олж харах сөхөөгүй давхина. Өчигдөр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Green land” компаний хятад жолооч малаа хариулж явсан нэгэн монгол малчныг дайрч амийг нь хөнөөчихөөд зугтаж алга болжээ. Тэр алуурчин 120 тоннын даацтай машин барьж явсан гэнэ. Түүнийг орон нутгийн цагдаа нар хайж байна. Хятадын талд ч албан ёсоор мэдэгджээ. Сар гаруйн өмнө тэнд Хятад, Монгол жолооч нар машинтайгаа мөргөлдөж гурван хүний амь хөнөөсөн бол энэ удаа Хятад жолооч ийнхүү дахиад хүний аминд хүрлээ.   

 

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top