Хөвчийн модонд хөхөө донгодвол чимэг, харин....

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

Худал хэлэх нь хулгай хийснээс дутуугүй, мөнөөх арван хар нүглийн нэг ажгуу. Монголын хуулинд дээр үед худалчийг цээрлүүлдэг байж. Хууль нь сулрав уу, худалч нь олшров уу, өнөө үед цээрлэгдэх нь бүү хэл, бараг хайрлагддаг худалч олширсон гэмээр санагдах болжээ. Зурагт асаахад л бэлэн амласан нэг сайхан ганган хүн ярьж байдаг. Суваг солиотохлоор дахиад л нэг "товарищ" бурж байх. Ийм ч юм нэмнэ, тийм ч юм өгнө, байгуулна, тусална гээд том том амлацгаах болж. Бүр залхаж гүйцмээр. Заримдаа уур, дургүй хоёр хүргэмээр, айлын хоймроос өдий төдий хугацаагаар бараг л сүүгээр угжиж, сүүлээр цатгах маягийн хуурай үгээр илбэдэж суугчид улам олширсоор байгааг өдөр бүр хүмүүс мэдэрсээр, сонссоор байдаг болов. Сонгууль ойртож байна. Нөгөөх худал амлагчдын үер бууж, өргөө бүхний хоймрыг эзэгнэн, цэнхэр дэлгэцээр цэцэрхэж нэг үзнэ, баярхаж нэг үзнэ. Бүр халширмаар гээч. Бага байхад худал хэлсэн бол хошуугаа хайруулах дөхдөг сөн. Хүүхэд юм болохоор хааяа залах явдал гарна. Үнэхээр хайрдаг байгаад, одоо тэр аман хууль томчуудад бодитоор үйлчилдэг сэн бол олон хүний хошуу түлэнхий явна даа хэмээн хошигнон бодном. Голч чигч, шударга үнэнч хүмүүс алийг тэр гэхэв. Гагцхүү оготны уршиг олондоо гэдэг нэг сүрхий юм байдаг аа даа. Хаа газар худалч хүн хамгийн нэр хүндгүй байдаг нь ёс. Ард түмэн ч худалчийг дээр үеэс тоодоггүй байсан. Гэтэл одоо бид чинь хашраагүй, үгэнд нь итгээд байдаг хуучтай болсон юм биш байгаа. Худалчийг ялгаж сурууштай, тэгээд сонголтоо хиймээр байгаа юм. Хууртаж цехөрдөггүй, хуурч яддаггүй нэг ийм хачин юм бий болчихоод хичнээн ч жил болов оо. Та минь, бардам амтнаас болгоомжлох ухааны сүвээ нээцгээе! Арын модонд хөхөө донгодох нь чимэг. Айлын хойморт донгодвол харин яршиг!

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top