1980-аад оны үед юм байна. Өмнийн говийн цэнхэр багана Говь Гурван Сайхан ууландаа багш сурагчдын аялал хийж явахдаа өглөөний нарны шаргал туяанд өндөр хадны оройд эврээ сэрийлгэн зогсох сүрэг янгирыг харж билээ. Хүчтэй дурангийн дотор сүргээрээ багтах тэдний хамгийн том нь Б.Явуухулангийн алдарт "Тэхийн зогсоол"-ын тэх л юм шиг санагдсанаа эргэн дурсаж, янгирын тухай бичиглэж суунам. Алтай, Хангай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн зарим уулсаар, асга хад, царамт нутгаар оршдог янгир нь хүрэн бор зүстэй. Зоо нуруугаа дагасан тод нарийн судал бүхий, өтгөн ноолууртай, ширүүн үс хялгастай амьтан. Нас гүйцсэн эрийг нь тэх гэнэ.
Түүний эвэр нь хойш махийсан 75-140 см урт, биеийн жин 100-150 кг, сэрвээний өндөр нь 70-110 см гээд бодохлоор сүрлэг уулсынхаа сүр сүлд, хийморь болсон дэндүү сайхан амьтан. Янгир голдуу сүрэглэн явна. Зуны халуун өдөр сүүдэртэй сэрүүн газар бараадан хэвтэх агаад энэ үед аль нэг нь аюулаас сэрэмжлэн өндөр газар харуул харан зогсоно. Ямар нэгэн ажиг сэжиг мэдрэгдвээс сүрэгтээ дохио өгч аюулаас мултран дайжна. Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр голдуу нэг, хааяа ихэр ишиг гаргадаг. Өндөр уулсын дунд Тэхийн зогсоол гэж онцгой сүрлэг оргил бий. Янгир өтлөхөөрөө эврээ даахаа больж эхээс төрсөн ууландаа ирж, унасан газраа олж хэвтээд насныхаа эцэст оргил өөд мацсаар дээр нь гарч олон хоногоор зогсохдоо умдаалдаг ус, идээлдэг бэлчээр, ижил сүргээ харан зогсдог гэх ардын уран домог байдгийг их Явуухулан элэг эмтрэм, нулимс унатал бичсэнийг уншигчид дэндүү сайн мэднэ.
Төрөх үхэх, ирэх буцахын жамыг уран тод гаргаж, эх нутгаа хайрлах элгэн дулаан сэтгэлийг шижир мэт тунгаасан энэ дуулийг уншихуй дүүлэн тагшиж, цойлон давхих янгирын сүрэг, тэдэнд дохио өгдөг хойлгийн жиргээ, янгирын хөлөөр шаргин асгарах цэнхэр асга нүднээ харагдан, чихнээ сонсдоод ирэхэд дархан цаазат янгир хэмээх энэ амьтныг хайрлах, бахархах сэтгэл төрнөм. Олон улсын спортын чанартай энэ ан Монголд маань мөн ч их доллар өгсөн нь мэдээж. Олон улсын ан агнуурын үзэсгэлэнд монгол янгирын олзвор тун ч олон удаа алтан медаль авч байсныг ярьж болох. Ямааны өвөг янгирыг бурхан өршөөг!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 3 )
dajguiee
Надад энэхvv мэдээлэл маш ихэээр таалагдалаа. Янгирын энэхvv мэдээллийг бидэнд тvгээж байгаад танд баярлалаа.
Зүгээр