Гялгар сэтгүүлүүдээр нэг эрэгтэй хүнд хэрхэн таалагдаж сонирхлыг нь төрүүлэх, хэрхэн уургалж өөрийн болгох тухай түм буман зөвөлгөө байдаг билээ. Уургалчихлаа гэж бодъё. Одоо тэгээд цааш нь яах вэ
Хоорондын харьцаагаа бүтээн байгуулах их ажил эхлэхэд хүүхнүүд бид өнөөх л алдаануудаа давтан давтсаар хичнээн сайхнаар эхэлж байсан харьцаагаа өөрсдөө нураан унагадаг. Тэгээд бөөн стресс, гомдол бухимдалтай үлдэх. Ухаантай нэг нь “би юуг буруу хийгээд байна вэ? Яагаад дахин дахин ийм байдалд хүрээд байна вэ? Би буруу хүн сонгоод байдаг юм уу, эсвэл хамаг хэрэг надад байна уу?” хэмээн ухан бодно.
Бүсгүйчүүдийн гаргадаг суурь алдаануудыг авч үзье, тэгэхдээ эсрэг талаас нь, хайртыгаа алдахыг хүсч байвал яах ёстой вэ гэдэг талаар хорлонтой зөвөлгөө өгье:
1. Анхны болзооноосоо л түүнээс сайн зуураад ав. Хамаг төлөвлөгөөгөө ярь. Хуримандаа ийм даашинз өмсөнө, хүүхдүүддээ ийм нэр өгнө гээд л... Чи бид хоёр янзын тохирох юм байна гэдгийг янз бүрээр ойлгуул. Хэт шулуун байхаасаа бүү ай, таныг өөртөө итгэлтэй, юу хүсч байгаагаа сайн мэддэг буурьтай суурьтай хүн байна гэж л тэр бодно.
2. Хуучин харьцаануудыхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгч бай. Тэр муусайн юмнууд таны сэтгэлд хэрхэн нийцээгүй тухай, найзуудтайгаа хэтэрхий их цаг өнгөрөөдөг байсан, аяга таваг угаахаас татгалздаг байсан, миний ярьж байгааг ер анхаардаггүй байсан г.м. тэр муу хогнуудын бүх дутагдлыг яриад өгөх хэрэгтэй. Энэ бол их чухал. Шинэ хайрт чинь таныг ойлгон өрөвдөхөөс гадна тэр хэрхэж болохгүйгээ эртнээс мэдэж аваг, тэнэгээсээ болж таныг алдсан хүмүүсийн алдааг давтахгүй байхад нь түүнд хэрэгтэй шүү дээ.
3. Байнга санаж бай: та – Эмэгтэй хүн, эх болох хүн. Тиймээс эрчүүд танд өртэй гэсэн үг. Зүгээр л, та гэж хүн энэ хорвоо дээр байгаа учраас. Үүнийг хэлэлцэх ч хэрэг байхгүй. Таныг хүндэлдэг, хайрладаг байх албатай. Энд зүгээр нэг танд суудал тавьж өгөх, хаалга онгойлгож өгөх г.м. мэдээжийн юмны тухай яриагүй шүү... Эрчүүд таны жаахан ааш маягийг, тухайлбал таны уурлах, хашгирч загнах, уйлах, гомдох зэргийг уучилж байх албатай, бас таныг дуудсан цагт гүйж ирж байх албатай, таны машиныг засч өгөх, танд хувцас хунар, бас бус аятайхан зүйлүүдийг байнга авч өгч байх албатай! Яагаад гэвэл тэд – эрчүүд. Гүйцээ. Үүнийг та амьдралынхаа норм болго. Мөрөө дэлгээд, толгойгоо бахтайхан шиг өргөөд ихэмсэг хатан шиг явж бай, та – эмэгтэй хүн шүү дээ?
4. Эр хүн гэдэг бол юуны өмнө таны найдвартай ар тал, таны түшиг тулгуур байх ёстой. Тиймээс өөрийнхөө сул талуудыг түүнд хэлэхээс ичиж хэрэггүй. Та 4-р зэргийн целлюлиттэй, жижигхэн хөхтэй, гэдсэндээ илүүдэл өөхтэй, та хамарныхаа хэлбэрийг үзэн яддаг, муухай гартай, өөрийгөө бусдад нээж чаддаггүй – энэ бүхнээсээ болоод сэтгэл чинь эмзэглэж явдаг бол энэ бүхнээ өөрийнхөө эрд зоригтойгоор хэл. Танд түүнээс нуух зүйл байх ёсгүй: та хоёр нэгэн бүхлийн хоёр тал юм чинь? Сэтгэлийг чинь зовоож байгаа бүх зүйлийн тухай, жижиг гэлтгүйгээр, аль болох дэлгэрэнгүйгээр, уйлан хайлан ярьж өгч байх хэрэгтэй. Хайрт чинь таныг анхааралтай сонсон тайтгаруулах ёстой /хэрэв та гэнэт тайтгарахыг хүсвэл/, танд сэтгэлийн дэм өгөн түшин байх ёстой.
5. Үүнийхээ зэрэгцээ бас хатуу зангаа үзүүлж байхаа мартаж болохгүй. Эрчүүд зэвүүн зантай хүүхнүүдэд нугасгүй гэдгийг бүгд мэднэ шүү дээ? Өнөө цагт зэвүүн биш байна гэдэг бол - хоцрогдол. Өөрийнхөөрөө зүтгэхийг зарчимаа болгох хэрэгтэй, ялангуяа жижиг сажиг зүйл дээр бууж өгч хэрхэвч болдоггүй юм шүү: нэг л удаа буугаад өгчих юм бол- өнгөрөө, дараа нь таныг хүн гэж үзэхэ больчихдог юм! Дуугаа өндөрсгөхөөсөө бүү ичэж бай – түүнд болохгүй, харин танд болно, яагаад гэвэл та – Эмэгтэй хүн /3-р зүйлийг үз/.
6. Түүн рүү өдөрт таваас доошгүй удаа утасдаж бай, дор хаяж 20 мессеж бичиж бай, ажил дээр нь өдөр бүр очиж байхыг хичээ. Хэрэв таныг утасдахад утсаа авахгүй, эсвэл хангалттай нялуунаар ярихгүй байх шиг санагдвал байдал эвгүй боллоо гэж мэд! “Би завгүй байсан, хуралтай байсан” гэх мэтийн панааланд нь бүү итгэ, үргэлж л хуралтай байна гэж юу байдгийн? Хүсэл байвал өдөрт хэдэн минут гаргаад хайрттайгаа нялуурч бололгүй дээ, тийм биз дээ?
7. Гар утсыг нь шалгаж бай, мэйл хаягных нь нууц үгийг олж мэдээд захиануудыг нь анхааралтай уншиж бай. Юун итгэл, та юу ярина вэ? Итгэ, гэхдээ шалга гэдэг биз дээ? Тиймээс – хатуу хяналт! Эрчүүд бүгдээрээ адилхан, барьж л байхгүй бол өөр хүүхэн рүү сэмхэн гүйнэ шүү, алхаа гишгээ бүрийг нь хяналтандаа байлгаж байхгүй бол горьгүй. Шөнийн 3 цагт ч түүн рүү залгаж “хайрт минь юу хийж байна” гэж асуухад буруутахгүй. Уцаарлаад үзэг л дээ!
8. Түүнийхээ амьдралаар л амьдарвал зохино, түүний бүх ажил хэрэгт нь хошуугаа дүрж байх хэрэгтэй. Хайртай хүндээ уусах ёстой гэдэг дээ! Түүнтэйгээ үргэлж хамт байхын төлөө өөрийнхөө найз нөхөд, сонирхол зэргээ золиослохоос өөр арга байхгүй, тэд юу юм, таны агуу хайрын дэргэд бол - юу ч биш! Үүнийг чинь таны хайрт тэнэг л биш бол зохих байдлаар үнэлж таныг улам хайрлана гэдэгт бүү эргэлз!
9. Хоорондын харьцааныхаа тухай түүнтэйгээ байнга ярилцаж бай. Харьцаа гэдэг бол ярвигтай хэцүү эд, нөр их ажиллагаа, өдөр тутмын ажиллагаа шаарддаг зүйл. Тиймээс байнга хэлэлцэж байх учиртай, түүнд янз бүрийн гомдол шаардлага тавьж байх хэрэгтэй /өөрийгөө төгс бус гэдгийг мартахгүй байг!/. Ялаан чинээ зүйлийг тэмээн чинээ болгохоос бүү ай – томруулах тусам асуудал сайн харагддаг юм байгаа биз дээ!
10. Эцэст нь, “чи надад хайртай юу?” гэж аль болох ойрхон асууж бай. Дахин дахин давтуул, тангараглуул, баталгаа шаард, та тийм амархан маллуулчих хүн биш гэдгээ харуул, үргэлж эргэлзэж байвал л сайн. Байнга асууж, хайртай гэдэгт нь эргэлзэж байгаагаа харуулж байхгүй бол хайргүй болчихдог юм шүү!
Үр дүнд хүрэхийн тулд /хайртыгаа алдахын тулд/ дээрхи хорлонтой зөвөлгөөнөөс ганцыг нь биелүүлэхэд л заримдаа хангалттай байдаг. Зарим гүргэр амьтдад хэд хэдийг нь хавсарч байж үр дүнд хүрдэг. Харин та хайртыгаа аль болох богино хугацаанд алдах зорилго тавиагүй бол, хайр, ойлголцол, харилцан итгэлцэл дээр тулгуурласан бат бөх харьцааг байгуулахыг хүсч байвал дээрх зөвөлгөөнөөс ганцыг нь ч, хэзээ ч битгий дагаарай! Бусдын болон өөрийнхөө алдааг бүү давт, хайрла, хайрлуул – ингэснээр аз жаргалыг өөрөө бий болгоорой! Танд аз жаргалыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл ( 0 )