Хийсэн бүтээлээрээ олны анхаарлыг татаж, хэлсэн үгээрээ зарим нэгний дургүйг хүргэдэг хүн бол реппер Gee. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр хулгайн уран бүтээлийг үзэн яддаг нэгэн бөгөөд уран бүтээл туурвиж явахдаа найзуудаасаа Gee хэмээх нэрийг авсан юм байна. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу?
-Хэзээ бөөгийн угаа авсан бэ?
-Аваагүй шүү дээ. Угаасаа хэзээ ч авахгүй шүү дээ.
-Бөө болоогүй юм уу?
-Болоогүй. Хүмүүс харин тэгээд санаанаасаа зохиогоод биччихсэн байна лээ. Ажлынхаа заваар бөөлдөг ч гэж байх шиг. Ер нь зав зайгаараа бөөлдөг бөө гэж ямар бөө байдаг юм. мэдэх ч үгүй юм байна. Бөө болсон юм байхгүй. Тэр аймаар худал мэдээнд хүмүүс итгээд хэрэггүй байхаа. Нэг өдөр хүн амьтан үзүүлье гэх вий дээ.
-Удамд тань бөө байгаа юу?
- Байж магадгүй. Байхгүй ч байж магадгүй. Би тэрийг мэдэхгүй. Ямар ч байсан би бөө болохгүй.
-Дуу хуулдаг уу?
-Үгүй.
-Дуу хуулагчдад хандаж
- Зайлаач ээ.
-Ихэнх уран бүтээл чинь хараалын үгтэй юм. Хараалын үгээ больж эсвэл багасгаж болдоггүй юм уу
-Тухайн үед би юу хэлмээр байна, тэр эмоциороо л дуугаа бичдэг байхгүй юу. Ямар нэгэн байдлаар ингээд хэлчихбэл тэр хүн намайг ингээд бодчих болов уу? гэж би дуу хийдэггүй. Зүгээр л би юу гэж хэлмээр байна тэрийгээ л хэлдэг. Тэрийг таалах нэгэн нь байна, таалахгүй нэгэн нь байна. Таалах нэгэн нь авахыг нь авна. Хаяхыг нь хаяна шүү дээ. Тийм болохоор би өөртөө багасгая, хэлэхгүй байя гэж цензур хийдэггүй. Сүүлд гарсан дуунуудыг сонсоод үзээрэй. Өөр болсон байгаа байх.
-Хараал ихтэй гээд зарим бүтээлийг чинь эфирээр цацахыг хориглосон. Хориглосон бүтээлээ тоолсон уу? Хэд болж байна?
-Одоо болтол миний зарим нэг клипийг зарим нэг телевизүүд авдаггүй шүү дээ. Авахгүй байхаар нь би өгдөггүй. Дургүйд хүчгүй шүү дээ. Намайг хойш нь тавьж, хэн нэгнийг дээгүүр үнэлэх ч юм уу, дугаарлаж харьцахад би дургүй. Клип гаргаж байгаа хийе, оролдъё гэсэн бүх хүмүүсийг дэмжих ёстой шүү дээ. Зөвхөн намайг гэлтгүй зөндөө олон хүүхдийг битгий ингэж дараарай. Юм хийж байгаа хүүхдүүдийг үргэлжлүүлж хийгээрэй л гэж хэлье. Ганц хоёр телевизээр амьдрал дутахгүй шүү дээ.
-Жинхэнэ нэрийг тань хэн гэдэг юм бэ?
-Мөнх-Эрдэнэ
-Яагаад Gее болгосон юм бэ?
-Найзуудын өгсөн хоч байхгүй юу. Нэр биш хоч.
-Ямар утгатай юм?
-Гайхалтай.
-Хэзээ яаж байгаад Gее болчхов?
-Би чинь нэг их реп хийхгүй. Манай найзууд дуулдаг. Би үгийг нь бичиж өгдөг байсан байхгүй юу. Нэг удаа үглэх шаардлага гараад үглэсэн юм. Тэгэхэд манай нэг найз Gее гээд л уулга алдсан байхгүй юу. Тэгээд л бүгдээрээ Gее, Gее гэдэг болсон. Тухайн үед гайхалтай үглэсэн юм шиг байгаа юм.
-Эх оронч үзлээ хэмжвэл?
-188 см. 88 кг.
-Чиний биеийн хэмжээ юу?
-Тийм. Миний биеийн хэмжээ. Миний энэ бүтэн бие гэр чигээрээ эх орондоо төрсөн. Цагаа тулахаар бүтэн биеэ эх орондоо чадна.
-Бүх насаараа хип хопдоо үнэнч байх уу?
-Реп хэвээрээ л байна. Бүүр хөгширсөн ч гэсэн хэвээрээ л байна. Яагаад өвөө болсон хүн реп хийж болохгүй гэж. Манайханд реп бол бацаануудын урлаг гэсэн ойлголттой байдаг. Гадаадад 50 гарчихсан хүн дуулаад л ЯВЖ байгаа шүү дээ. Хүний үзэл бодол байгаа шүү дээ. Реп гэдэг чинь үзэл бодлын урлаг шүү дээ. Яахав манайд хүн хөгшрөөд реп хийдэггүй. Реп хийгээд мөнгө олж чадахгүй байгаатай л холбоотой байхгүй юу.
-Хэдэн машинтай вэ?
-Нэг л машинтай. Тэрийгээ л унаж байгаа. 80 оны өвгөн Бенз унадаг. 100-д 11 иддэг юм.
-Хэзээ авсан бэ? Нилээн тохижуулсан юм шиг байна.
-Энэ машиныг өнгөрсөн жил 1,3 саяар авсан юм. Тэгээд л мотор, яригч, араа, манай бүлгийн логотой суудлын бүрээс, хөгжмийг нь солиулсан. Дандаа л уран гартай найзуудын ач.
-Яагаад заавал бенз гэж?
-Гоё байдаг юмаа. Би дээр үеийн машинд аягүй их дуртай. Механик машинд бас дуртай. Тэгээд ч хямдхан байсан байхгүй юу. Тухайн үед би Тоёото Раум унадаг байсан юм. Тэрийгээ зараад энэ машинаа авч засаад л дүндээ дүн болсон.
-Зүүлт чинь их содон юм?
-Энэ гангараа зүүлт биш.
-Тэгээд юу юм?
- Бөөгийн сахиус шүү дээ.
-Бөө биш гэсэн байхаа?
- Бөө бишээ.
-Тэгээд?
- Би тэнгэр газраа дээдэлдэг. Тэнгэр минь намайг дээрээс аварч, доороос Монгол газар шороо минь намайг түшиж байгаа гэдэгт итгэдэг. Би өөрөө бөө биш. Гэхдээ бөөгийн шашин мөргөлд итгэдэг хүн. Бөөгийн шашинд итгэдэг хүн болгон бөө байх албагүй шүү дээ.
-Өөр гангараа юу байна?
-Нэг их аймаар гангараа гээд байх юм байхгүй. Нэг цаг байгаа. Тэрийгээ найзындаа тайлаад мартчихаж. Манай найзын өгсөн цаг. Бас нэг гинж байдаг юм. Тэрийг эхнэр маань төрсөн өдрөөр өгч байсан бэлэг. Өөр юм байхгүй шүү дээ. Ер нь миний тэр цаг гинж гангараанд орохгүй дээ. Энэ нүдний шил байна. Нар гарахаар нүдээ хамгаалах гэж зүүдэг. Тэрнээс гангарах гэж зүүдэггүй.
-Сонирхол? Мэдээж хип хопыг оруулахгүй.
-Компьютер тоглоомын улаан, ногоон гаж донтон гэх юм уу даа. Манай найзууд д намайг тоглоомын донтой гэдэг юм. ХЬох-оор хөлбөмбөг, сагс тоглох дуртай.
-Ямар нэгэн цуглуулгатай юу?
-Байхгүй ш дээ. Тархин дотроо мэдээлэл цуглуулдаг байж магадгүй. Мэдээж цуглуулгатай хүн гоё харагддаг л даа. Гэхдээ миний хобби тийм биш юм шиг байгаа юм.
-Дуучин Эгшиглэнтэй явдаг байсан гэсэн үнэн үү?
- Үгүй ээ. Маралжингоо гээгүй байна уу?
-Маралжингоотой үерхдэг байсныг тань мэднэ л дээ
-Маралжингоотой үерхэж байсан л даа.
-Яагаад салсан юм бэ?
- Салж нийлдэг бусад хостой л адилхан. Амьдралынхаа ханийг хайж байсан. Бид хоёр хоорондоо таарч тохироогүй. Тэгээд л тохирохгүй юм байна. Больё гээд л больчихсон. Одоо бол би ханиа олчихсон.
-Хаана хаанаа шивээстэй вэ?
-Өө зөндөө, зөндөө. Хоёр мөр, шуу, гар, цээж, нуруу, хүзүүний ар, дагз гээд байнаа байна.
-Ямар утгатай шивээснүүд вэ?
- Нуруун дээр шүлэг байдаг юм. Миний дууны дахилт. Баруун гарын шуун дээр мөнгөнөөс хараат бус байна гэдэг агуулгатай шивээс хийлгэсэн. Оюун санааныхаа эрх чөлөөг мөнгөнөөс хамгаална гэсэн билэгдэлтэй. Гаран дээрхи энэ шивээс бол /хурууны үе/ хүн бүрийн мэддэг зүйр үг байгаа. Айвал бүү хий, Хийвэл бүү ай. Энэ аягүй гоё үг. Надад таалагддаг. Зарим нэг зүйл дээр би энийг харж зоригждог. Зүүн гарын шуунд "Вуутанг" гээд сонсдог хамтлагийн лого байгаа. Баруун гарын мөрөн дээр “2рас"-ийн шивээс, нөгөө талд нь манай бүлгийн лого, нэртэйгээ байдаг юм. Цээжин дээрхийг дараа нь хүмүүст үзүүлнээ. Гүн утга учиртай юм хийлгэж байгаа.
-Гэр бүлийнхээ талаар
-Эхнэртэй хүүхэдтэй. Гэр бүлтэй хүн шүү би.
-Сайн аав байж чадаж байна уу?
-Тэрийг манай эхнэр л хэлэх байх. Сайн аав байхыг хичээж байгаа.
-Хэр халамжтай нөхөр вэ?
-Аль болох халамжтай байхыг хичээдэг. Гэхдээ би романтик биш байхгүй юу. Сэтгэл хөдлөлийн айхтар илэрхийлэл байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр бас халамжлахыг хичээдэг. Айлын охиныг жаргаана гэж авч суудаг юм чинь.
-САЙХАН ХҮҮХЭН ӨНГӨРВӨЛ ЭРГЭЖ ХАРАХ УУ?
-Хардаггүй ш дээ. Одоохондоо тийм хүүхэн хараагүй байна.Ер нь харахгүй байхаа. Надад миний эхнэр хангалттай.
-Хоёр эхнэртэй болох хууль батлагдвал хуулиа дагах уу?
-Тэр чинь ёстой балай шүүдээ. Балай юм болно биз дээ. Тэгээд ч хүний зүрх сэтгэл гэдэг чинь ганц л байдаг биз дээ?
-Хэн нэгэн хүнд хайртай болбол яаж эргүүлэх үү?
-Шууд очоод л ярина. Чи надад таалагдаж байна. Би чамд таалагдаж байгаагаа мэдэж байна. Хоёулаа уулзъя гээд л боллоо шүү дээ. Би таалагдахгүй бол яахав дээ.Шударга нь дээр байх аа.
-Хайр гэдэг
-Хайр гэдэг золиос, өвдөлт бас жаргал. Хайртай зүйрлэхийн төлөө хүн бүх юмаа золиосолдог тиймээ. Хайрыг өвдөлтөөр мэдэрдэг. Тэгээд өвдөлт нь жаргал болдог. Яагаад гэвэл хүн өвдөж байгаа учраас жаргадаг, гар нь халтартаж байгаа учраас хүн МӨНГӨ олдог. Тэрэнтэй адилхан хүн өвдөж байгаа учраас жаргадаг.
-Секс гэдэг
-Харилцааны дээд шатны хэлбэр юм даа.
-Өөрийгөө тодорхойлбол
Хүн шиг байхыг хичээдэг хүн дээ.
-Мөнгөн дүнгээр нь тооцвол бусдаас авч байсан хамгийн хамгийн үнэтэй бэлэг?
За байз бодъё. Цаг л юм даа. Брэндийн цаг их үнэтэй юм шиг байна лээ. Манай найз өгч байсан юм.
-Содон нь
-Манай нэг дүүгийн өгч байсан бэлэг байгаа. Манай бүлгийн лого бүх гишүүний нэртэй нь шүрээр сүлжиж хийсэн аймаар том хэмжээтэй ажиллагаа их орсон тэр бэлэг их содон байсан. Түрүү жил миний төрсөн өдрөор өгч байсан юм
-Таны шүтэн бишрэгчид таныг гайхшируулдаг байх?
-Шүтэн бишрэгчид гэх үү, намайг сонсох дуртай, намайг дэмждэг залуус гэвэл болох байх. Намайг баярлуулдаг ганц юм чинь урам шүү дээ. Миний хэлэх гээд байгаа санааг ойлгоод, өөртөө наачихаж байна гэдэг бол аягүй гоё урам байхгүй.
-Ярилцлагынхаа төгсгөлийг чамд үлдээе
-Бие биенээ хайрлая, тусалья. Улс орноо хөгжүүлье гэж том том юм ярихгүй ээ. Хамгийн гол нь хүн хүнээ хайрлаж явахад эв нэгдэлтэй болно шүү дээ. Хип хоп гэдэг одоо харуудын урлаг байхаа больчихсон шүү дээ. Монголчууд өөрсдийн хэв маягийг хип хоп хөгжимд оруулж байна. Ер нь хип хоп урлагийг дэмжээсэй гэж хүсэж байна. Хамгийн гол нь хэлж байгаа санааг нь ойлгоод зөв юм хийж байгаа бол аваад, бурууг нь хаядаг байгаасай гэж бодож байна Монгол улс мандтугай.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )