АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама авлигийн гэмт хэргийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэв. Энэ нь авлигын хэргийн хор хөнөөлийн илэрхийлэл ажээ. Өөрөөр хэлбэл Б.Обама хаа сайгүй гарч буй хулгай, дээрэм, хүчин, хүн амины хэргээс зориуд онцолж, ийнхүү тодорхойлсон байна. Дэлхий нийтийн даяаршилтай энэ нь бас холбоотой. Улс гүрэн дамнасан корпорациуд жижиг, буурай улс орны төр засгийн томчуудыг өлхөн “Залгих” болсон. Эдийн засгийн алуурчид авлигаар гол ажлаа амжуулж байгаа. Манайд ч үүний зарим шинж тэмдэг илэрч буй. Оюу толгой, Таван толгойн гэрээ Но-той болсон талаарх маргааныг үүнд хамааруулж нэрлэвэл хэтрүүлэл болохгүй. Харамсалтай нь авлигтай тэмцэх бие даасан байгууллагын ач гавъяа ийм зүйл дээр огт харагдахгүй байна. Авлигтай тэмцэх газар томоохон авлигачдыг барьж авч чаддаггүй, жижиг авлигачдыг бол харин сайн шүүрч байна. Авлигатай тэмцэх газрын анхны дарга Дангаасүрэнг учир битүүлгээр амийг нь хороочихсон. Түүний хоёр нүдийг ухаж, хоёр хавиргыг хуга цохисон байлаа. Гэвч эрх баригчид өвчний улмаас нас барсан мэтээр тайлбарлахыг оролдсон хэвээрээ. Дараагийн дарга Ч:Сангарагчаа нь ажилтнуудаа тагнаж чагнасан хэргээр шоронд сууж байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн тендер, эмнэлэгийн 10 машины хэрэг болон Эрдэнэтийн захирал асан, УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн 10 тэрбумын, УИХ-ын Д.Дондогийн 10 гаруй тэрбум төгрөгийн залилангийн хэргүүд удахгүй замхрах бололтой. Урьд нь УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарын нэр холбогдсон Хадгаламж банкны 14,2 тэрбумын хэргийг тус банкинд нягтлан бодогчоор ажиллаж байсан Чимэдцэрэн нь үндсэндээ өөртөө татаж аван ял сонссон. Магадгүй мань хүн хэргээ бүхэлд нь даана гэж тэдгээр улс төрчдийг улаан цээжээрээ хамгаалсан байхыг үгүйсгэх аргагүй. Энэ мэтээс эргэцүүлээд үзэхэд Авлигатай тэмцэх газар гэж байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Хоёрын хооронд, ажил хийдэггүй, томчуудын хэрэг дээр зөөлөн хандаж, жижиг жараахай л хөөж явдаг байгууллагыг татан буулгахад юу нь болохгүй байх билээ. Энэ бүхний талаар дараа өгүүлье. Одоо харин тус газрынхан ямархуу жараахай шүүрдээд сууж буй тухай цөөн үг хэлье. Сонирхолтой байх болов уу, таньд.
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга П.Дашийн хэргийг прокурорт шилжүүлсэн боловч түүнтэй анх зарга үүсгээд байсан сайд асан С.Отгонбаяр нь ямар ч гэм зэмгүй болж, гурван шатны шүүхийг өөртөө ашигтайгаар эргүүлж, эцэст нь Авлигатай тэмцэх газрын ажилтан Амарбатыг өмгөөлөгч бүсгүйг нь “Хүчиндсэн” гээд сэгсэрчих шахсан юм. Тун сонирхолтой бөгөөд жигшүүртэй эдгээр үйл явдлуудын талаар зарим нь одоо ч эргэлзсэн хэвээрээ байгаа юм. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын нэг муу жараахай Д.Батсайхан гэгч нь 900 тонн улаан буудай гол гаргасан хэргээр бараг гурван жил шахам шалгагдаж байна. Тэрээр Засгийн газрын журмыг хэрэгжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэдэг. Түүнээс гадна Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга асан Урансүрэн гэгч эмэгтэй баахан малын эм тариа бусад зүйлсийг хувийн шунахай сэдлээр авч ашигласан хэрэг нь шалгагдаж байна. УИХ-ын гишүүдийн дэргэд бол энэ эмэгтэй бас л “жараахай” шүү дээ. Үүн дээр саяхан өөр нэг “жараахай” нэмэгдэн Авлигатай тэмцэгчдийн гарт оржээ. Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван нь төсвийн тухай хууль болон төрийн албаны хууль зөрчин ашиг хонжоо хайж явсан байна. Түүний хууль бус шийдвэрээр ажлаасаа халагдсан Э.Тамир, Ц.Цагаанцэцэг нарын өмгөөлөгч Ш.Жаргалсайханы өргөдлийн дагуу Авлигатай тэмцэх газрынхан хэргийг шалгахаар болжээ. Г.Энхтайван нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, байгууллагадаа бараа материалыг зах зээлийн үнэ ханшаас 4 дахин өндөр үнээр авч шахаж байв. Мөн Ази, Номхон далайн орнуудын стандартын байгууллагуудын олон улсын хурал Монголд болох үеэр төсөвлөсөн мөнгөнөөс дур мэдэн авч, байгууллагынхаа ажилчдыг амралтанд амруулсан гэнэ. Бас “НАЗУ” компаниар барилгын засварын ажлыг дутуу хагас хийлгэсэн атлаа мөнгийг нь урьдчилаад өгчихсөн байжээ. Түүгээр зогссонгүй, байгууллагадаа олон тооны компьютер авах нэрээр мөнгө завшсан юм байх аа. Г.Энхтайван нь тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн хүн гэгддэг. Урьд нь “Алтан гадас” ассоциацийн ажилд хамтран зүтгэж байсан. Гэхдээ авлигын болон албан тушаалын хэрэгт их багын хэмжээ гэж байдаггүй л дээ. Ёстой өнөөх ихийг ч барьсан өмхий, багыг ч барьсан өмхий болдог “хууль”-тай юм. Авлигатай тэмцэгчид үүнийг сайтар мэдэж байгаа. Гагцхүү багыг барьж өмхийрсөн нөхдийг илүү “тоншиж”, томоос том улс төрчдийн хэргийг замхруулдаг нь шударга ёс яавч биш. “Жараахай”-нууд ч яахав шийтгэлээ эдэлж таараа. Одоо том “тул”-уудыг үлдээлгүй шийтгэх цаг нь болсон. Эс тэгвэл шударга иргэд маань Авлигатай тэмцэх газарт итгэхээ больж, улмаар хаалгыг хэмх цохин орж агсан тавих байлгүй.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )