Манай сонин өнгөрсөн долоо хоногийн дуулиант нөхрөөр хотын дарга Г.Мөнхбаярыг нэрлэж байна. Учир нь гэвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт олон чухал ажил хийсний хажуугаар шүүхэд хүртэл дуудагдаад амжив.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Г.Мөнхбаяр дарга Туул голыг аврах арга нь минж нутагшуулах гэдгийг хэлж, урьд нь энэ ажлыг хийж байсан эрдэмтэдтэй хамтарч ажиллахаа ч илэрхийлсэн. Өнөө үед нийслэлд нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудал бол Туул голын бохирдол. Тиймдээ ч нийслэл, хотын даргын зүгээс энэ зүгт анхаарал хандуулж эхэлж байгаа нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа.
Түүний хажуугаар Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчим барилга барих гэж зүтгэж байсан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудаас хатуу чих, тоомжиргүй байдлаараа дээгүүрт давхиж байгаа “Алтай” констракшн” компани хотын даргыг шүүхэд өгсөн юм.
Тус компани 120 мянгатын автобусны буудлын ойролцоо зөвшөөрөлгүй хашаа барьж, барилгын ажил эхлэх гэж байсан тухай иргэд хэлж байсан. Тус компанийн удирдлагууд хашаа тойруулсан хэсэг газрын зүлэг ногоог юу ч үгүй сүйдэлж, нялх мод, бут сөөгүүдийг булгалан унагасан байсан билээ. Энэ дагуу хотын даргын шаардлагаар нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тус газрыг Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн талбай буюу хүүхэд, залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинг бүрдүүл гэсэн үүргийг дүүргийн захиргаанд өгчээ. Гэтэл тус компани ийм увайгүй үйлдэл гаргачихаад иргэдийнхээ талд шийдвэр гаргасан хотын даргыг шүүхэд өгсөн юм.
Уг нь тухайн газрыг цэцэрлэгжүүлэх үүргийг албаны хүмүүс өгсөн юм билээ. “Алтай констракшн” ХХК-ийн удирдлагууд цэцэрлэгжүүлэлт хийж, тарьсан байсан зүлэг, модыг нь хугалж, сүйтгэж, шороо, хайргатай нь холиод орхичихсон байсныг хүмүүс нүдээрээ харсан билээ. Тиймдээ ч “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнээс бусниулсан газраа янзалсан эсэхийг асуухад жишим ч үгүй “Бид юу ч бусниулаагүй. Тэгээд ч тэр газарт шугам солих гэж байсан болохоос барилга барих гээгүй” хэмээн хариулж байсан юм.
Ямартай ч хотын дарга зөв шийдвэр гаргаж, иргэдийнхээ талд зогсч чадсан нь магтмаар. Одоо тухайн газрыг тохижуулж, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг ч гаргаад байгаа. Удирдагч хүн ямар ч тохиолдолд иргэдийн эрх ашгийн өмнөөс шийдвэр гаргаж байх ёстой. Хотын дарга уг асуудалд удирдагч хүн шиг хандаж чадсан. Харин “Алтай констракшн” компанийнхан хэтэрхий даварч, хотын даргаа шүүхэд өгч байгааг харахад өнөөгийн нийгэмд ахиухан мөнгөтэй хүн дураараа дургиж болдог гэсэн сэдэл төрүүлж байх шиг.
Тэгээд ч урьд урьдны хотын дарга нартай зүйрлэхээргүй их ажлыг Г.Мөнхбаяр хийж байгаа. Хотын даргатай холбоотой шүүх хурал энэ долоо хоногийн лхагва гарагт болох юм билээ. Шүүх мэргэн шийдвэр гаргаж, даварсан компанийн загатнасан “хонго”- ыг ураад өгнө гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан хотын дарга өнгөрсөн долоо хоногт дуулиан тарьж чадлаа. Гэхдээ зөв үлгэр дууриалал үзүүлж чадсанд нь баяр хүргэх хэрэгтэй байх.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )