Байцаагч нарт хариуцлага тооцох ч яахав, Хятадуудад 300 сая гаруй төгрөгөө алдаад байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22


 

Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хууль тогтоомжоо маш сайн мөрдөж ажилладаг болсон байна. Бараг түүхэндээ гараагүй том үсрэлт хийжээ. 100 гаруй хуурамч байцаагч нарынхаа эрхийг хассан. Тэгвэл саяхан гурав, дөрвөн жинхэнэ байцаагчийнхаа эрхийг хасч хариуцлага тооцжээ. Дорнод аймгийн Матадын талд Хятадын нефть олборлолтын томоохон компани бий. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор нефть ачсан машинууд нь Монголын тал нутгийг там болгон өнгөрч байгаа. “Петро Чайна Дачин Тамсаг” гэх энэ компани манайхыг олон жил дээрэлхэж, басамжилсан мэт ийнхүү байгаль дэлхийг сүйтгэж байна. Засмал зам барих үүрэг хүлээсэн ч тэд энэ ажлаа хийхийг хүсээгүй. Баялгийг нь хамаад гарч л байвал Монголчууд яаж хохирох нь тэдэнд огт хамаагүй ажээ. Тээврийн жолооч нар нь тусгай зөвшөөрөлгүй. За, энэ ч бас жижиг зөрчил гэж бодож болох юм. Харин тус компани тогтвортой байдлын гэрээ хийхдээ манайхныг хулхидсан байжээ. Газрын тосны хуулиар бол уг гэрээндээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх гэх мэт заалтыг оруулах ёстой байв. Манай эрх баригчид үүнийг мэдэж л байсан байж таарна. Гэвч Хятад эздийн өмнө нахилзаж, бөхөлздөг муу зуршлаараа асуудалд ханджээ. Үүнээс  болоод сүүлийн гурван жилийн байдлаар манайхан хятадуудад 300 гаруй сая төгрөг алдсан тооцоо гарчээ. Гэтэл тус компаний хууль бус үйл ажиллагааг илрүүлэн, үйлдвэрлэлт, тээвэрлэлтийг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байсан улсын байцаагч нарынхаа эрхийг хасч, ажлаас нь халсан байна. Үүнийгээ Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү “Хууль зөрчсөн хүмүүст хариуцлага хүлээлгэсэн” хэмээн тайлбарлав. Улсын байцаагч С.Батболд, О.Пүрэв-Очир, Д.Батбаатар нар өөрсдийн гаргасан шалгалтын актыг гарын үсэг зурж баталгаажуулаагүй, албан ёсны хяналтын хуудас ашиглаагүй гэх мэт шалтгаанаар эрхээ хасуулсан гэнэ. Хяналт шалгалтын хуулиа мөрдөөгүй байцаагч нарт хариуцлага тооцох нь зөв л дөө. Гэхдээ Хятадын нефть олборлогч энэ компани цаашдаа Монголын байгаль экологийг сүйтгэсээр байх уу. Тогтвортой байдлын гэрээ шиг юм нь Хятадуудад илүү ашигтай, манайд хор хөнөөлтэйг мэдсээр атлаа хэвээр нь үргэлжлүүлсээр байх уу гэх мэт олон асуудал хөндөгдөж байна.   

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top