Хотын хэмжээнд чанаргүй барилгуудын тоо өссөөр байна. Энэхүү өсөлтийг нэгээр нэмж буй нь Н.Энхбаярын гэгддэг сэлэм шиг хэлбэртэй шилэн барилга ажээ. Монголдоо хамгийн гоёмсог барилга болно хэмээн ам булаалдан ярьцгааж байлаа. Уугуул нэр нь “Blue Sky Tower” буюу "Хөх тэнгэр" гэх энэ барилга одоогоор Чоно корпорацийн захирал Т.Энхболдсодон гэдэг хүний мэдэлд байгаа юм байна. Түүнийг Мишээл экспо төв, Хаан бууз кафены эзэн, Торго салоны Ачтуяамаагийн нөхөр гэхээр хүмүүс илүү танина. Энэ барилгын талаар таагүй мэдээлэл хэвлэлүүдээр зөндөө л гарч байсан. Гаднаа машины зогсоолгүй, барилгын технологийн хувьд зөрчилтэй гээд олон зүйл яригддаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламж, эрчим хүчний хэлтсийн дарга асан Ц.Ганбатыг лоббидож байгаад чанарын үнэлгээг нь гайгүйхэн тавиулчихсан юм гэнэ. Өөрөөр хэлбэл хуурамч баримт бүрдүүлсэн байжээ. Тиймээс Ц.Ганбатыг саяхан ажлаас нь халсан байна. Ганцхан энэ барилга дээр ч биш өөр хэд хэдэн барилгыг хүлээн авахдаа албан ташаалаа хэтрүүлсэн хүн юм гэнэ. Хэвлэлүүд шүүмжлээд эхлэхээр мань хүн өдөр тутмын нэгэн сонинд том хэмжээний ярилцлага өгч, уг барилгыг тэнгэрт тултал магтсан байна лээ. Мэдээж ахиухан төлбөр өгч ийнхүү сурталчилсан биз. Н.Энхбаяр МАХН-ынхаа нэрийг хэл амтайхан арай хийж баталгаажуулмагцаа энэ барилгын хэдэн давхрыг нь ч юм дээ, бүхэлд нь ажлын байр болгохоор ярилцаж байсан гэсэн. Тэгээд барилгын чанар тааруу болсон тул өөр газар түр намынхаа байрыг нүүлгээд байгаа аж. Түүнээс өрх тусгаарласан Ц.Шинэбаяр нь МАХН-ын түр штаб байсан байрыг нь эзлээд авчихсан болохоор тэр гудамжинд гарахаа шахсан байна. Одоогоор “Сэлмэн” барилгад Т.Энхболдсодон нь корпорацийнхаа ажилчдыг түр байрлуулаад байгаа. Сураг сонсоход энэ барилга мөддөө ашиглалтанд орохгүй бололтой.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )