Америкийн дэд ерөнхийлөгч Жо Байден Монголд айлчлах үеэр иргэний зарим байгууллагууд жагсаал цуглаан зохион байгуулж угтав. “Монголд цөмийн хаягдал булшлах ёсгүй” гэсэн лоозон барьсан жагсагчид өнөөдөр Төв номын сангийн баруун талын талбайд 14 цагийн орчимд цуглажээ. Тэнд “Ногоон эвсэл”, “Миний монголын газар шороо”, “Шударга иргэдийн фронт” хөдөлгөөн болон “Ардын хянан шалгах хороо” зэрэг арваад хөдөлгөөн, холбоодын төлөөлөл хүрэлцэн иржээ. Америкийн дэд ерөнхийлөгчийн замыг тосч тэд ийнхүү үзэл санаагаа илэрхийлсэн байна. Өчигдөр ч бас Ардчилсан холбоо болон бусад цөөн хэдэн иргэний байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай Япон, Орос, Хятадын хэвлэлүүдэд удаа дараалан бичигдсэн билээ. Манай улсын эрх баригчид Япон, Америк, Арабын бүгд найрамдах Эмират улсуудтай энэ талаар албан бус яриа хэлцэл хийж байсан гэдэг. Сүүлийн саруудад Монголын бараг бүх мэдээллийн хэрэгсэл цөмийн хаягдлаар амьсгалж байсан юм. Харин Гадаад харилцааны сайд Г.Занданштар үүнийг няцааж, Японы “Майничи” сониныхон болон холбогдох бусад байгууллагуудад захидал илгээсэн гэлээ. Гэвч албан бус санал солилцолт ямар нэг нэг байдлаар албан тушаалтнуудын дунд яригдаж байсан гэх хардлага байсаар байгаа ажээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )