Эрхэм зочин бэсрэг наадам үзлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23


Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай оронд айчлахаар ирсэн   АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн албан уулзалтын дараа Яармагийн дэнжид очин бэсрэг наадам үзэж сонирхлоо. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд эрхэм зочиндоо  Монгол эрийн гурван наадмын тухай  дэлгэрэнгүй тайлбарлан сонирхууллаа.  Ерөнхий сайдын яриа эрхэм зочинд тун их таалагдаж,    яриаг  сунжруулж товлосон цагийг нэлээн чилээгээд амжив.  Монгол бөх болоод уран нугаралтын гайхамшиг эрхэм дэд Ерөнхийлөгчийг багагүй гайхшрууллаа. Бүр тэдэнтэй очин гар барин мэндэлж байлаа.   Богино хугацаанд   үр дүнтэй айлчлал хийсэн хүндэт зочин маань  Монголд дахин ирэхээ  энэ үеэр амалж байсан.   Мөн түүнчлэн  хүндэт зочин  маань сум тавьж ,  Ерөнхий сайдын хамт харваа сонирхлоо.

Бага  ч гэсэн  хугацаанд Монголын үндэсний уламжлалыг үзүүлж, мэдлэгт мэдлэг нэмсэнд АНУ-ын дэд Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, Монгол улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан бүх зүйлүүдийг бодит ажил болгохын төлөө дэд Ерөнхийлөгчийн хувьд санаа тавьж ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийлж байв. Мөн түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайдыг ирэх 10 дугаар  сард АНУ-д айлчилна гэдэгт,  тэр үеэр дахин уулзах боломж олдоно гэдэгт  итгэлтэй байгаагаа ч дурьдлаа.

Эрхэм зочиндоо Ерөнхий сайдын бэлэг болгон өгсөн хурдан зүсмийн  адуу нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ухна гуайн хурдан бор азарганы төл бөгөөд  соёолон , шүдлэн насандаа нутгийн олон тахилгад айраг түрүү авч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top