Сэтгүүлчид тогтоол усанд живж байсан гурван хүнийг аварсан билээ. Тодруулбал, "ТV8" телевизийн "Шөнийн толь" мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Ө.Давааням, сэтгүүлч П.Пүрэвжаргал нар энэ сарын 12-13 нд шилжих шөнө Баянбүрдийн тойргийн замын цагдаагийн хэсгээс мэдээллээ бэлтгэчихээд буцаж явах үедээ хүний амь аварсан байна. Энэ талаар"ТV8" телевизийн "Шөнийн толь " мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч Г.Батхүүтэй ярилцлаа.
-Юуны өмнө гурван хүний амь аварсан та бүхэнд баяр хүргэе. Тухайн үед юу болсон юм бэ?
Баярлалаа. "Шөнийн толь" мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч, уран бүтээлчид нийслэл хотын шөнийн амьдрал хэрхэн өрнөж байгаа талаарх мэдээ, сурвалжлагыг бэлтгэдэг. Энэ сарын 12-13-нд шилжих шөнө сурвалжлага бэлтгээд явж байсан. Гэтэл "Диано" дунд сургуулийн хажууд нэг хүн хашааны завсраар ямар нэгэн юм хараад зогсож байсан. Бид нар юу болж байгааг харахаар очсон юм. Хашааны завсраар харсан чинь эмэгтэй хүний "Авраарай" гэх дуу сонсогдсон. Мөн хувцсаа тайлчихсан нэг нөхөр "Би одоо яах юм бэ. Яаж орох вэ" гээд л амандаа үглээд гүйж байгаа харагдсан. Тэгээд л хүн живж байна гэдгийг мэдээд шууд хашаа даваад орсон. Биднийг хашаан дотор орох үед хоёр хүний нуруу нь ил гарчихсан хөвж байсан. Харин нэг эмэгтэй хашгирч байснаа ус руу живчихсэн. Тэр үед миний хажууд урт мод байсан юм. Тэрийг аваад нөгөө хувцсаа тайлчихсан нөхрийг ус руу оруулсан. Тэр нэг гараараа модноос бариад нэг эмэгтэйг татаж гаргасан юм. Тэр үед уснаас гаргаж байсан хүнийг "Нас барчихсан юм байна даа" гэж бодсон. Үлдсэн хоёр хүнийг нь гаргахад их хэцүү байсан. Уснаас гаргаж ирээд хиймэл амьсгаа хийж эхэлсэн. Яг тэр үед Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ирж тусламж үзүүлсэн.
-Түргэн тусламжийг хэдийд дуудсан юм бэ?
Бид хүн живж байгааг мэдээд шууд яаралтай тусламж дуудахаар шийдсэн. Тэр даруйд 102, 103, 105 ынханд дуудлага өгсөн. Гэвч тэд 20 гаруй минутын дараа ирсэн. Тухайн үед эдгээр газруудад ажлын ачаалал ямар байсныг мэдэхгүй. Хэрэв биднийг байхгүй байсан бол гурван хүн амиа алдаж, 3-6 настай хоёр хүүхэд өнчирч үлдэх байсан юм билээ. Хүүхдүүд нь ээжийгээ усанд живж байхад нь амбаарт хараад зогсож байсан.
-Яагаад тэд усанд орсон юм бол?
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ахуйн хүрээний архидалт болсон юм билээ. Тэгээд ээж нь охиндоо тунирхаад ус руу орчихсон гэж хамт байсан залуу хэлж байсан. Тэгээд охин араас нь ороод мөн живсэн юм шиг байгаа юм. Тэгээд бас хамаатан эмэгтэй нь орсон юм гэсэн. Тэр тогтоол ус их гүнзгий юм билээ. Ямар ч байсан 4-5 метрийн гүн байсан байх. Барилга барих гэж ухаж байгаад л газрын гүний ус гарч ирээд тухайн компани нь газраа ашиглаагүй байсан юм шиг байна лээ. Тэгээд л манаач нар нь тэр их усанд нь живсэн байгаа юм.
-Амийг нь аварсан хүмүүсийн биеийн байдал ямар байгаа бол?
Сайжирсан гэж байна лээ. Ямар ч байсан бид хүний амь нас аварлаа. Хүний амь нас аварч тэдэнд амьдрал бэлэглэсэн гэж бодохоор үнэхээр сайхан байна.
Сэтгэгдэл ( 0 )