Монгол улсад Санхүү, эдийн засгийн алба үүсч хөгжсөний болон Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд яамны нийт ажилтан, албан хаагчид “Байгаль дэлхийгээ хайрлая” тойрон аяллыг өнгөрсөн зургаан сараас эхлэн эх орныхоо дөрвөн бүсэд амжилттай зохион байгуулаад энэ долоо хоногт өндөрлөлөө. Энэхүү аяллаараа иргэдийг байгаль эх дэлхийгээ хайрлах зөв чиг хандлагад сургах, тэднийг уриалан дуудах, үлгэр дууриал болох, хүрээлэн байгаа орчин тойронтойгоо ухамсартай харьцах сэтгэлзүйг төлөвшүүлэхийг зорисон юм. “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан доор явагдаж байгаа энэхүү үйл ажиллагаанд Сангийн яамны баг бүрэлдэхүүн тухайн орон нутгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах, эх дэлхий хүрээлэн байгаа орчиноо хайрлан хамгаалах талаар ухуулга сурталчилгаа хийх, гол горхины эхийг хаших, байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг цэвэрлэх зэргээр явсан газар бүртээ бүтээлч ажлыг өрнүүлж байлаа.
Яамны хамт олон тус аялалын хүрээнд 21 аймгийн 80 гаран хот, сум сууринд хүрч ажилласан бөгөөд бүх аймгуудад Сангийн яамны “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгуулж, яамны үйл ажиллагаа болон түүхт 100 жилийн арга хэмжээг сурталчлах ажлыг зохион байгуулав. Үүний зэрэгцээ орон нутгуудын Бүртгэл санхүүгийн ажилтны зөвлөгөөнд оролцох, төсвийн эрх захирагч нар, аймгуудын санхүү төрийн сангийнхан, нягтлан бодогчидтой уулзалт зохион байгуулах, өнөөгийн төсөв, санхүү бүртгэлийн асуудал тэдэнд тулгарч байгаа зүйлийн талаар санал бодлоо солилцож явсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )