Гурван тэрбум төгрөг нэхэмжилсэн ”Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн хэрэг буюу сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал өнөөдөр болж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүх дээр болох ажээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 111-ийн хоёрт заасны дагуу ял төлөвлөөд байгаа. Шүүх хуралдаанд шүүгч Ч.Хосбаяр, улсын яллагчаар Ш.Баярбилэг нар оролцоно. Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол ажиллаж байна. Сэтгүүлч Д.Болормаа нь сониндоо “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүг бага насны охидыг садар самуун явдалд уруу татсан байж болзошгүй тухай мэдээлэл нийтэлсний улмаас ийнхүү шүүгдэх болсон юм. Тэрээр Монголд бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор 500 хүртэлх ам.доллароор худалдах, худалдан авах сүлжээ үүссэн талаар баримт түшиглэн нотолсон байна. Энэхүү зохион байгуулалттай гэмт бүлэглэлд “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү ч хамрагдсан байх магадлалтай талаар нийтлэлдээ дурьдсан нь ийнхүү шүүгдэхэд хүргэжээ. Б.Наранхүү нь нэр төр гутаан доромжилсон хэмээн шүүхэд хандахдаа “Зууны мэдээ” сониноос 3 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Түүний нэр төр ийм үнэд хүрсэн хэрэг л дээ. Ер нь сэтгүүлч хүн олж авсан мэдээллээ нийтэд түгээснийхээ төлөө ял сонсох учиргүй болов уу. Тэгээд ч нэр төрөө 3 тэрбум төгрөгөөр үнэлж байсан тохиолдол Монголд урьд нь огт гарч байгаагүй. Нөгөө талаар Б.Наранхүү ямар нэг байдлаар дээрх гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдоогүй л юм бол өнөөдөр Д.Болормаагийн өмгөөлөгч болон түүний эрх ашгийн төлөө ажиллаж буй “Глоб интернэйшнл” зэрэг төрийн бус байгууллагууд руу захиалгат хүмүүсийг илгээж, янз бүрийн дарамт учруулахгүй, утсаар заналхийлэхгүй байсан болов уу. Б.Наранхүү олон удаа Д.Болормаа руу өөр хүмүүсээр утасдуулан шахалт, дарамт үзүүлэхийг оролдсон юм байна. Гэвч шүүх ямар шийдвэр гаргахыг харах үлдлээ. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top