”Боловсрол” суваг телевизийн хөтлөгч Г.Уянга: Би санахын жаргалд умбаж яваа хүн

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23

-“Дээжис” нэвтрүүлгийн нэг жилийн ой болж байна.  Ярилцлагаа таны бэлтгэдэг нэвтрүүлгийн талаар эхэлье?
- Юуны өмнө Zindaa.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мэндлэхээс хамгийн том ярианы соёл эхэлдэг шүү дээ. Миний нэвтрүүлгийг үздэг, нийтийн дуунд дуртай бүх үзэгчдэдээ танай сайтаар дамжуулан бидэнтэй хамт нэг жил байсанд баярлалаа гэж хэлмээр байна. “Дээжис” нэвтрүүлэг гарч эхлээд нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай нэвтрүүлэг өөрийн гэсэн үзэгчтэй болж, бас тэдний үзэх дуртай нэвтрүүлэг болжээ. Энэ хугацаанд манай нэвтрүүлэгтэй холбоотой санал, гомдол, сайхан талархлын үг ч ирдэг. Цаашид нэвтрүүлэг маань үзэгчдийнхээ илгээсэн санал  сэтгэгдлийн дагуу үргэлжилж, өөрчлөгдөж, одоо байгаагаасаа илүүг  хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэйгээр үргэлжилсээр байгаа.

-Нэг жилийн хугацаанд гарсан нэвтрүүлгийн ард олон хөгжилтэй, факттай явдал болсон байх.  Үүнийхээ зах зухаас нь дурдвал?
-Хамтран ажилладаг сайхан уран бүтээлчдийнхээ фактыг дэлгэх нь хаашаа юм. Дэлгэчих юм бол нөгөөдүүл маань надад гомдчих байх. Бид нар найзуудаараа сууж байхдаа нэгнийхээ дуу болгоныг хөрвүүлж дуулдаг. Үүн дээр нэг найзынхаа дууг л хэлье гэж бодож байна. Санаандгүй учраад дурлачих юм гэж санасангүй, бодсонгүй, зүүдэлсэнгүй гэдгийг манай найз төрсөн өдөр дээр минь дууллаа л даа. Тэгээд санаандгүй учраад дурлачих юм гэж санасангүй, бодсонгүй, зүүдэлсэнгүй гээд дуулангуут нь манай найзууд санаандгүй унтаад дурлачих юм гэж санасангүй, бодсонгүй, зүүдэлсэнгүй гэсэн маягаар дууны үгийг их өөрчилж дуулдаг.  Ер нь дуучидтай холбоотой  баримт их байдаг л даа. Уран бүтээлчдийн амьдралд  хөгжилтэй,  хөөртэй  явдал их тохиолддог. 

-Сонирхолдоо хөтлөгдөж “Дээжис” нэвтрүүлгийг хийв үү. Энэ нэвтрүүлгийн орон зай дутагдаж байсан учраас хийв үү?
-Манай “М21” энтертайнмент  Монголын үндэсний Боловсрол суваг телевизээр бэлтгэсэн “Сенсааци”, “Music town” зэрэг нэвтрүүлгүүдээ цацдаг. Манай үзэгчид сайн мэдэх байх. Манайд нийтийн дууны  нэвтрүүлгийг цогцоор нь хийсэн телевиз байхгүй. Хэрвээ надтай энэ асуудал дээр маргах хүн байх юм бол  би нэг юмыг бардам хэлж чадна. Юу гэхээр, нийтийн дууны өөр нэвтрүүлэг байсан гэх юм бол магадгүй тэдгээр нэвтрүүлэг яруу найраг, дүрслэх урлаг зэргийг оруулж хийсэн.  Өөрөөр хэлбэл, нийтийн дууны орон зай телевизийн салбарт дутагдаж байгааг манай “М21” энтертайнментийн хамт олон ажигласан учраас энэ нэвтрүүлгийг хийсэн. Энэ нэвтрүүлгийг хий сэнд үзэгчид төдийгүй дуучид маань баяртай байдаг.

-Монголын анхны зохиолын дууны нэвтрүүлэг гэдэг утгаараа тоглолт хийгдэх байх?
-Манай нэвтрүүлэг байнга нийтийн дуучидтай хамтран ажиллаж олон арга хэмжээ зохион байгуулдаг. Нэвтрүүлгийн маань нэг жилийн ой болж байгаа учраас 9-сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд  тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. 



-Нэвтрүүлэг өөрийн гэсэн дуутай болж байгаа байх?
-Нэвтрүүлэг маань нэг жилийнхээ  ойн хүрээнд дуутай болно. Уг нь энэ их удаан яригдсан л даа.  Анх нэвтрүүлэг гарсан цагаасаа эхлээд дуутай больё гэж яригдсан. Тэгээд яг одоо энэ маань ажил хэрэг болж, би ая зохиогч Пүрэвсүрэнгээр ая хийлгүүлэхээр  өөрийнхөө шүлгийг өгчихсөн байгаа. За тэгээд тун удахгүй сайхан дуу гаргаж өгнө гэж Пүүжээ маань амласан байгаа.

-Нийтийн дууны нэвтрүүлэг гэдэг утгаараа өөрөө тогтмол дээл өмсөж байгаа харагддаг. Дээл, гоёл чимэглэлийнхээ талаар ярихгүй юу?
-“Дээжис” нэвтрүүлэг ерөөсөө л Монголын соёл. Тэр ч утгаараа бид эртнээс уламжлагдан ирсэн  уйгаржин бичгээ хадгалж үлдэхийг хичээсэн.  Манай “Дээжис” нэвтрүүлгийн  үг монгол бичгээр гардаг.  Үүгээр зогсохгүй нэвтрүүлгийн маань шторк үндэсний хэв маягийг харуулсан хээ угалзтайгаас гадна үндэсний хувцастай хүмүүс тоглосон байдаг. Тэр ч утгаараа үндэснийхээ уламжлалыг бид хойч үедээ үлдээхийн тулд  дээл өмсдөг. Миний өмсөж байгаа хувцсанд сүүлийн үед хүмүүс их татагдаж байгаа л даа. Маш олон үндэсний хувцасны газруудтай ажилладаг. Энэ газрууд маань намайг давтагдашгүй хэв маягтай, сайхан дээлээр гоёхыг хичээдэг. Энэ газрууддаа бас энэ дашрамд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу.  Энэ бүх талаас нь хараад үзвэл манай нэвтрүүлэг уламжлалыг дэмжье, үргэлжлүүлье гэсэн уриатай. Тэр ч утгаараа дээл сольж өмсдөг. Дуучид маань  ч гэсэн нэвтрүүлгээ болон үзэгчдээ хүндэлж сайхан дээлтэй ирж оролцдог.

-Зохиолын дуу гэх үү, нийтийн дуу гэх үү?
-Ер нь бол хүмүүс зохиолын дуучид гэж ярих дуртай байдаг.  Ялангуяа, өөр жанрын уран бүтээлчид зохиолын дуучид гэж ярьдаг.  Гэхдээ аль алинаар нь ярьсан ч болно шүү дээ. Миний хувьд нийтийн дуучид гэж л ярьдаг. Яагаад гэвэл  нийтийн дуу өөрөө олон нийтэд зориулсан дуу. Ард түмэн энэ дуунаас таашаал авдаг шүү дээ.

-Зохиолын дууг өөрөө ардын  дуу болно гэдэг юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Тэгэхээр би нийтийн дууг ардын дууны үргэлжлэл гэж боддог юм. Магадгүй 30-50 жилийн дараа өнөөдрийн дуунууд маань  ардын дууны хэмжээнд хүрэхээр сайхан аялгуулаг гэж боддог. Энэ хорвоо дээр дуу, дууны урлаг гэж байхгүй бол хүн юугаар сэтгэлээ тайвшируулах вэ? Хүн юунаас сэтгэлийн уужралыг авах вэ? Тийм учраас урлаг, ялангуяа, нийтийн дууны урлаг аав ээж, нутаг усаа илүү ихээр гаргаж өгсөн шүлэгтэй, тэрийг илэрхийлэхүйц уянгалаг аятай гэж боддог юм. Тэр ч утгаараа нийтийн дуу  ардын дуу болно гэж хэлэх дуртай байдаг юм. 

-Өөрөө нэвтрүүлгийг хөтлөхөөс гадна редакторын үүргийг давхар гүйцэтгэдэг.  Үндсэн мэргэжлийнхээ талаар ярихгүй юу?
-Тэгэхээр би 2003 од РТДС-д элсэн орсон. Нэгдүгээр курсээсээ эхлэн FМ радиод ажиллаж эхэлсэн. Анх  98.1-д ажилд орсон. Тэр үед 98.1-ийн хамт олон үүдээ цэлийтэл нээж намайг энэ ертөнц  рүү оруулсан.  Би FМ-д хөтлөгчөөр ороогүй байсан бол  магадгүй би сонины сэтгүүлч ч юмуу, үндсэн мэргэжлээсээ өөр ажил хийгээд явж байх биз. Маш халуун дулаан, чадварлаг уур амьсгалтай хамт олон намайг угтсан болохоор би өдий зэрэгтэй  ийм олон сайхан танилтай яваа биз ээ.  Тэр цагаас хойш 2-3 FМ-д хөтлөгчөөр ажилласан байна. Миний үндсэн мэргэжил сэтгүүлч.  Би бүүр багаасаа  сэтгүүлч болно гэж бодсоор  байгаад мөрөөдлөө биелүүлсэн нь энэ. Миний нэвтрүүлэг ч гэсэн миний багын мөрөөдөл биелж байгаа нь тэр юм.  Ерөнхий мөрөөдлүүд маань шат дараатайгаар биелсээр байна. 

-Сэтгүүлч хүний ур чадварын нэг нь  хөтлөлт хийх байдаг.  Тэгэхээр TV, FМ  хөтлөхөд аль нь илүү дөхөм бас бэрх байна вэ?
-Анх FМ-д хөтлөгчөөр шалгуулж байхад хоолой чичрээд аягүй их сандарч байсан.  Миний энэ сандрал хийх ёстой ажил гэдгийг илэрхийлж өгсөн. Би 2-3 дуу тамгалаад л миний хоолойны чичрэх нь байхгүй болсон.  FМ-д сул үг их хэрэглэдэг бол  телевизэд сул үг хэрэглэхээ больдог. Телевизэд анх ороход өөртөө их дүгнэлт хийсэн. Би багаасаа толины өмнө суугаад микрофон бариад мэдээ уншиж  байгаа юм шиг их бэлддэг байлаа.  Хооронд нь харьцуулаад үзэхэд нэг их ялгаа байхгүй. Хамгийн гол нь  FМ-д байхад сул үг их хэрэглэдэг болдог. Телевизэд ороход тэр алдаагаа засдаг. Үзэмжийн хувьд яривал FМ-д ажиллаж байгаа тохиолдолд гадаад байдалдаа тавигдах цензур байхгүй шүү дээ. Телевизэд бол эфирийн соёл буюу  сайхан хувцаслаад, үсээ янзлуулаад, нүүрээ буддаг.  Энэ мэтээр шалгуур, ялгаа бас байдаг. Ер нь эцсийн бүлэгтээ хүн ямар байх нь хамаагүй. Хамгийн гол нь авьяас, тухайн хүн биеэ хэрхэн авч явах вэ гэдгээс шууд шалтгаалдаг. Аль, аль нь хэцүү ажил биш. 

-Элссэн оныг тань сонсоход хөтлөгч Н.Дандартай нэг анги төгссөн юмуу?
-Манай ангиас телевизийн салбарт ажиллаж байгаа олон хүн байна. Ангийнхнаа харахад сайхан байдаг юм.  Хааяа уулзаж амжихгүй бол зурагтаар л нэгнээ харах юм даа гэж  ярьдаг.  Миний хувьд ангийнхнаасаа Дандартай хамт ажиллаж байгаа. Манай анги хоёрхон бандитай. Нэг нь Дандар,  нөгөө нь одоо Монцамэ-д ажилладаг юм.  Хоёр бандийнхаа нэгтэй нь ойр байж,  Монголын хөгжмийн нэвтрүүлэг хийж байгаадаа баяртай байдаг. Монголын урлагт нэг ангийн хоёр хүүхэд зүтгэж байгаа нь бахархууштай хэрэг биш гэж үү?

-Хөгжмийн урлагт дэр нэгтгэсэн хосууд зүтгэж байгаа гэж үнэн үү.  Дандар та хоёрын талаар асууж байна л даа?
-Ийм яриаг сайтаас уншсан. Анх мэдээгүй байхад найзууд мессенжерт орж ирээд “баяр хүргэе. Дандар та хоёр сүй тавьсан юм байна ш дээ” гэж байсан. Үнэн хэрэгтээ бид хоёр маш сайн найзууд. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн яагаад найзууд байж болдоггүй юм бэ гэж энэ хоёр ярьсаар байгаад суучихлаа гэж хүмүүс ярьдаг. Бид хоёр найзууд, эрэгтэй эмэгтэй хүний үерхэл ямар байдгийг бидний үерхэл харуулна гэдгийг тэр мэдээний доор сэтгэгдэл бичсэн болон тэр мэдээг бичсэн сэтгүүлчид хэлмээр байна.

-Дандартай хамтарч шинэ нэвтрүүлэг хийх үү. 24 цагийн 16-д нь хамт байгаа хүмүүс бас нэг юм бодож байгаа байх?
-Өглөө гэрээсээ гараад өглөөний нарыг  Дандартай угтаж байна. Оройны сарыг Дандартай хамт угтаж байна. Арай л хамт хонохгүй байна. Өглөөнөөс орой болтол бид хоёр ажилласаар байна. Эхний санааг нь  гаргасан. Өнөөдөр эхний гэрээгээ хийлээ.  10-р сараас шинэ нэвтрүүлгийнхээ ажилд орно. Бас шинэ телевизээс бидэнд санал тавьсан байгаа.. 

-Ажлаа орхиод хувийн амьдрал руу жаахан орьё. Болох уу?
-Болноо.

-Сэтгүүлч хүн бүр шүлэг, яруу найраг зохиодог. Таны хувьд зохиодог уу?
-Би санахын жаргалд умбаж яваа хүн.  Хүн санана гэхээс би эхлээд айдаг байлаа. Хайртай хүнээ алс хол явна гэхэд нь маргааш миний хайртай хүн миний дэргэд байхгүй, орой сар харахад миний хайртай хүн хажууд байхгүй гэж бодохоор надад  гунигтай байсан. Явахаас нь өмнө уйлмаар байдаг ч гэсэн нулимсаа их тэвчдэг байлаа. Тэр үед миний онгод нэг их ордоггүй байлаа.  Яг явангуут нь санахын жаргалд умбаад, санаж байгаа шүлэг их бичсэн. Энэ бүхэн маань  миний хайртай ханийн сэтгэлийг жаахан ч гэсэн тайвшруулдаг байх гэж бодож байна. Ингээд нэг санахын жаргалд умбасан шүлгээ хэлье ээ.

Чиний надад зориулсан сэтгэл хүчтэйг би мэднэ
Чамаас урсах аялгуу уянгалагийг би мэднэ
Чиний дэргэд би жаргалтайг чи мэднэ
Чи миний сэтгэлийн гэгээн ертөнц би мэдэрсэн 

-Голчлон ямар сэдвээр бичиж байна?
-Сэдэвт баригддаггүй. Ихэвчлэн хайрын тухай л бичдэг юм байна. Аав ээждээ, хайртай залуудаа, охиндоо зориулсан нэг дуутай болохыг хүсдэг.  Шүлэгнүүд нь гарсан. Тун удахгүй аялгуутай болоод олон хүний сонсох дуртай хит дуу болоосой гэж бодож байна.

-Тогтмол эфирт гардаг хүн гоо сайхандаа чамгүй анхаардаг байх.  Гоо сайхны тал дээр?
-Би хээгүй юм шиг байгаа юм. Яанаа энд ийм юм гарчихаж, ингэчихлээ, тэгчихлээ гэж эмзэглэдэггүй. Ямар сайндаа л нүүрэн дээр нэг юм гарчихвал нөгөөдөхөө мэнгэ болгочихдог юм. Тэгсэн найзууд юм гарах тоолонд мэнгэ болгоод байвал зүгээр юм биш үү? Уянга энд мэнгэ тавиад өг гээд намайг шоолдог.  Үнэхээр гарчихсан байгаа тохиолдолд би ямар арга хэмжээ авах юм бэ? Мэнгэ л болгоно ш дээ. Үсчингийн хувьд санаа зовдоггүй. Өглөө бүр босоод байрныхаа хойд талын үсчинд ордог. Одоо би яах уу гээд үсчиндээ эрхлээд суучихдаг. Манай үсчин дээлэн дээр ямар үс засалт тохирох, надад ямар үс зохидогийг мэддэг болохоор өөрсдөө мэдээд засчихдаг.  Гоо сайханд долоо хоногт нэг удаа ордог.

-Юу цуглуулдаг вэ?
-Миний шүүгээнд хоёрхон юм маш их байдаг нэг нь CD.  Дандаа надад дурсгасан, хамтлаг дуучдынх нь гарын үсэгтэй, их сайхан үг бичсэн CD байгаа.  Мөн яруу найраг, найз нарын маань бэлэглэсэн ном бас бий. Жишээлбэл, манай найзууд сая төрсөн өдрөөр ихэвчлэн ном, CD өгсөн байна лээ. 

-Эмэгтэй хүнээс асуухгүй өнгөрч болохгүй зүйл бол ээмэг, бөгж, зүүлт?
-Тийм шүү.  Би өөрөө их цуглуулдаг. Манай найзууд хүртэл энэ хувцсан дээр чинь энэ нь зохино гээд надад  ээмэг, бөгж аваад ирдэг.  Бас нохойтой Агата гээд фирм байдаг байхгүй юу.  Тэрний нохойтой тэлээ, малгай, ээмэг, дотуур хувцас  гээд юу л бол  юу байдаг.  Сүүлд нь логонуудыг нь аваад хадгалчихдаг.  Лав л 100 гаран байдаг юм билээ. Сүүлд цуглуулсан. 

-Эр хүний талаарх таны бодол?
-Эрэгтэй хүнийг жижиг сажиг юманд анхаарал хандуулж олон юм битгий ярьдаг байгаасай гэж би хүсдэг юм. Эрэгтэй хүн уужуу сэтгэлтэй,  цөөн үгтэй, цөөн үгээрээ үнэн зүйлийг онож хэлдэг байгаасай гэж боддог. Тэгэхгүй бол үг газар гээхгүй, бүх зүйлд оролцдог, юм бүрт санаа тавьдаг эр хүн надад таалагддаггүй. Мөн эр хүнийг чимдэг хамгийн гоё зүйл бол хүн чанар. 

-Сая бол дотоод талаас нь  ярилаа.  Гадаад үзэмжийн хувьд  ямар залуу таалагддаг вэ?
-Гадаад үзэмжний хувьд би тийм ч царайлаг залуу сонирхдоггүй л дээ.  Заримдаа царайлаг залуу харахаараа хэтэрхий царайлаг юмаа гэж дотроо дургүй байдаг байхгүй юу. Тэр гэхдээ атаархсандаа биш. Эрэгтэй хүний гутлыг нь эхлээд би шинждэг.  Би ерөөсөө гар бариад л гуталнаас нь эхлээд дээшээ хардаг. Тэгэхээр би царайг нь чухалчилдаггүй. Сайхан  царайны цаана сайхан сэтгэл байна гэж ярьдаг.  Мэдээж нүдэнд дулаахан өндөр залуучууд надад таалагддаг шүү.

-Хайртай залууд чинь саяны  зан чанараас аль, аль чанар нь байгаа вэ?
-Миний ханьд энэ чанаруудын аль аль нь байгаа болохоор би хайртай болсон байх л даа.  Их сайхан  уужуу, ухаантай, их зөөлхөн харцтай сайхан залуу бий.  Алс холын газраас намайг санаад байж байгаа.  Бид хоёрын зүрх  хоёр талд  нэгнээ санаад их сайхан байна. Хааяа дарамттай, санаад, хосуудыг харахаар атаархдаг ч гэсэн би чинь санах хүнтэй, тэндээс намайг гэх, намайг хайрладаг хүн байдаг шүү гэж бодохоор миний зүрх дүүрэн байдаг юм. Тэгээд би орой бүр хайртдаа: зүрхэнд чинь аялгуу, зүүдэнд чинь жаргал болно  гэж хэлэх дуртай. Бид хоёр өдөр бүр нэгэндээ тэгж хэлдэг.

- Хайртай хүнээ танилцуулсангүй?
- Их сайхан нэртэй нэг залуу намайг алс газарт хүлээж суугаа.

- Ажил хийж байгаа хүн  байнга  бэрхшээлтэй тулгардаг. Урам хугарсан үедээ хэрхэн тайтгардаг вэ?
-Би нэвтрүүлгээ хийж эхэлсэн анхны дугаараа, одоогийн дугаартай харьцуулж харахад би их махлаг байсан байгаа юм.Тэгээд хүмүүс ямар их турчихсан юм бэ гэж хэлдэг шүү. Би ер нь нэг юманд зүтгэхээрээ  тууштай зүтгэдэг. Магадгүй тийм болохоор би уурлахаараа, урам хугарахаараа дуугүй болчихдог байх.  Маш хол ганцаараа алхдаг. Өөрийнхөө ертөнцийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл алхаж байна гэж төсөөлж боддог.   Гэхдээ миний бүх уйтгар гунигийг охин маань л тайлдаг. Би ууралсан үедээ гэх бүлийнхэнтэйгээ  тэр дундаа охинтойгоо утсаар ярьдаг. Охиныхоо инээдийг сонсохоор  тайвширдаг. Мэдээж ханьдаа сэтгэлээ нээж тайвширдаг юм.

- Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Телевизийн хүнд чөлөөт цаг бага байдаг. Сүүлийн нэг сар надад чөлөөт цаг гараагүй юм байна. Саяхан “Music town” нэвтрүүлгийнхээ нэг жилийн ойн бяцхан арга хэмжээг хийлээ л дээ. Энэ өдөр л миний чөлөөт цаг байлаа.  Хэдийгээр ажлаа хийж байсан ч гэсэн  найзуудтайгаа ярилцаад, зургаа авахуулаад, ханатлаа бүжиглээд энэ л миний чөлөөт цаг болсон. Сая  чамайг асуухад л надад ойрд чөлөөт цаг гараагүй юм шиг санагдаж байна.  Ерөнхийдөө чөлөөт цагаараа найзуудтайгаа л уулзаж суудаг даа. 

-Найзууд гэснээс  нийтийн дуучидтай найзууд байх даа?
-Маш олон дуучидтай найзууд.  Ялангуяа, залуу дуучидтай үнэхээр амьдралын хагацашгүй сайн найзууд болсон. Тухайлбал ,ноён Бондгортой их сайн найзууд.  Надад ямар нэг юм боллоо гэхэд Бондгор руу ярина, Бондгорт юм тохиолдвол над руу ярина. Бид хоёр бие биенээ ойлгодог найзууд болж чадсан. Залуу дуучдаас Буянжаргал, Чулуунчимэг,  Солонго гээд мундаг хоолойтой дуучид байна.  Ерөнхийдөө бол дууны ертөнцтэй холбогдсон бүх хүмүүстэй найзууд болж чадсан даа.  Бас яруу найрагч ,хөгжмийн зохиолчид байна. Д.Батцэцэг гэж миний хуурай эгч байна. Ямар нэг зүйл боллоо л бол хамгийн түрүүнд л залгана шүү дээ. Ойлголцоход хамгийн амар, хайртай дотны хүмүүсийн маань нэг яалт ч үгүй мөн.

-Хэр олон найзтай вэ?
-Намайг хэзээ ч, хаана  ч их сайхан хүмүүс хүрээлж байдаг би их азтай хүн. Олон сайхан найзууд бий. Олон жилийн туршид жаргал зовлон бүрт минь хамтдаа байдаг үнэнч найзууд байна. Тэгээд ер нь анд, найз, нөхөр гэдэг өөр өөр ойлголт.

-Найзуудын хийдэг зүйлийн нэг шоу.  Хэр их шоудаж байна?
-Шоудна. Гэхдээ аймаар хавтгайруулдаггүй.  Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулзаад сайхан бүжиглэдэг. Би шоудах  үедээ хэнээс ч хараат бус, эрх чөлөөтэйгөөр шуодаж чадна.

-Дуртай өнгөөр нь хүнийг шинждэг юм байна л даа.  Ямар өнгөнд дуртай вэ?
-Надад чернелин ягаан өнгө их зохидог гэж найзууд хэлдэг. Би өөрөө ч энэ өнгөнд дуртай.

-Өөрийгөө дүгнэвэл?
-Намайг 2 жилийн өмнө найзууд уургүй, тайван, хүнд хар буруу санадаггүй, цайлган гэж хэлдэг байсан.  Би өөрчлөгдсөн байсан. Ууртай болж байна шүү гэж найзууд сануулж байгаа.  Нас ахихын хэрээр , амьдрал үзээд ирэхийн хэрээр хүний занг өөрчилдөг юм байлгүй.  Гэхдээ миний зүрх сэтгэлийг нэг тал гэж зүйрлэх юм бол  тэр талд ганцхан л цэцэг ургана.  Миний тэр талд ганцхан нар, ганцхан сар, салхи сэвэлзэнэ.  Тэрэн шиг  миний зан ааш өөрчлөгдөхгүй. Би хаана ч, хэний ч өмнө байгаагаараа байдаг. 

-Өөрийнхөө байгаа төрхөөрөө кино клипэнд хэр тоглов?
-Ганц нэг дуучид  маань клипэндээ тоглооч ээ, бас уран бүтээлч найзууд рекламанд тогло гэсэн санал тавьж байгаа . Гэхдээ  миний хувьд  дуучдынхаа дууг тамгалаад,  олон ч реклам уншсан байна.  Рекламанд хоолойгоороо тоглосон байна шүү дээ. 

-Ойрын зорилт?
-Өдөр бүр зорилгоо биелүүлэх бага ч гэсэн алхам хийж бай гэж уншсан. Тэгэхээр би зорилгодоо хүрэх алхмыг бага багаар хийж байна. Ойрын үед нэвтрүүлгээ өөрчлөх зорилт тавьж байна. Магадгүй нэвтрүүлгээ өөрчилсний дараагаар өөр зорилт гарах байх.  Мөн хувийн амьдралдаа илүүтэй анхаарах гэж байгаа. Сургууль төгссөнөөс хойш ажилдаа анхаарч, хувийн амьдралаа орхисон байна.

-10 жилийн дараа Уянга ямар байх бол.  10 жилийн дараах зорилт?
-Хувийн амьдрал тал дээр 10 жилийн дараа 4 хүүхэдтэй болсон байна байх. Өнөр өтгөн олон хүүхэдтэй айлын эхнэр болохыг хүсдэг. Нөхөртэйгөө ширээ тойроод суучихсан хүүхдүүд маань шуугилдаад, мөлхөх нь мөлхөөд л, зурагт үзэх нь үзээд, олуулаа бужигнаад байж байвал сайхан. Магадгүй өөрийгөө зурагтаар харсан, нөхрөөсөө, хүүхдүүдээсээ зөвлөгөө авсан нэгэн байна байх аа.  Ажлын хувьд нэр төр хөөдөггүй болохоор, миний багын хүмүүжил тийм болохоор  ямар ч ажил хийж байсан  ажлаа маш сайн хийдэг нэгэн болно. 

-Ярилцлаганыхаа төгсгөлийг та хийх үү?
-Би уншигчдад нэг зүйлийг хэлмээр байна. Надаас өмнө хэн нэгэн нь ингэж зоригтой хэлж байгаагүй байх.  Энэ мэдээллийг ганцхан та уншаагүй. Энэ мэдээллийг намайг таньдаг, таньдаггүй, маш олон хүн уншиж байгаа. Танд ямар ч санагдаж болно.  Намайг өөрөөр нь үлдээгээрэй. Бас анхаарал тавьж уншсанд баярлалаа. 

А.Баярмаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top