“Анод”-ын Н.Давааг тус банкны удирдлагад ажиллаж байсан хоёр нөхрийнх нь хамт хорих 461 дүгээр ангид хугацаа сунган хорьж байгаа билээ. Н.Даваагийн бие муудсан тухай урьд нь хэвлэлүүд мэдээлж байсан юм. Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд Н.Даваагийн зүрх нь өвдөж эмчийн байнгын хяналтанд ороод байна. Хорихын эмч болон бусад нарийн мэргэжлийн эмч нар түүнийг шоронд удаан хорьж болохгүй гэсэн дүгнэлтийг өгчээ. Гэвч Н.Давааг батлан даалтанд гаргаагүй л байна. Түүний эхнэр Т.Оюунгэрэл саяхан прокурор, мөрдөн байцаагч, шүүгч нарт нь хандан дахиад өргөдөл өгсөн гэнэ. Хуулийнхан хугацааг нь сунгаж хорих болсон учир шалтгааанаа “Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэж тайлбарласаар байгаа ажээ. Гэтэл түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь ингэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэж байна. Т.Оюунгэрэл нь харин сүүлдээ аргаа бараад “Би үхсэн хүний цогцос хүлээж авмааргүй байна. Батлан даалтанд гаргаад өгөөч, наад хүний чинь бие улам муудлаа” гээд Баянзүрх дүүргийн шүүх, хотын шүүх, прокурорын босгыг элээж явна. Н.Даваагийн бие өдрөөс өдөрт муудсаар байгааг эмч нар нь нотолж, цаашид удаан хоригдох боломжгүйг хэлсээр байтал батлан даалтанд гаргахгүй байгаа талаар зарим эх сурвалжууд “Улс төрийн шалтгаанаар хорьсон болохоор тэгж байгаа юм” хэмээнэ. Гэхдээ хүний амь юу юунаас чухал баймаар. Н.Даваа ч мөн саяхан шоронгоос бичсэн өчгийн бичигтээ “Анод” банк нь зөвхөн иргэдийн мөнгийг хадгалж, зээл олгох төдийхнөөр ажиллаж байгаагүй. Улс орныхоо ирээдүй, эдийн засгийн өсөлтийг хангах хөрөнгө оруулалтын олон чухал ажил зохион байгуулж байсан. Энэ талаараа төр засгийн эрх баригчдад удаа дараа танилцуулсан” гэжээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )