Иргэний Зориг-Ногоон намын дарга гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Д.Энхбат байх суух газраа олж ядан яваа бололтой. Тэрээр Ногоон намаа Иргэний зориг намтай нийлүүлснээс болоод бөөн хэл аманд өртөөд байна. Ногоон намынхан нь түүний ийм шийдвэрийг хүлээж аваагүй. Шүүхээр баахан зарга үүсгэж, Дээд шүүхээс Иргэний зориг-Ногоон намыг нь бүртгэлт оруулахыг түдгэлзсэн хариу өгсөн юм. Харин Ногоон намыг урьдын адил хэвээр байгааг Дээд шүүхийнхэн нотолжээ. Ногоон намынхан удахгүй их хурлаа хийж намынхаа дотор гарч буй энэ мэт элдэв маргаанд цэг хатгах, Намын дарга асан Д.Энхбатын алдаатай шийдвэрийг шүүн хэлэлцэхээр болсон байна. Иймэрхүү улс төрийн хэрүүл тэмцэл дунд Ногоон намынхаас бас Д.Энхбатын идэж ашигласан гэх мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг сөхөж гарган Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгөөд байгаа. Гэвч Д.Энхбат нь “Би мөнгө завшаагүй” гэж тас гүрийв. Тэрээр “Жингийн цуваа явдагаараа явж, жингэр ноход хуцдагаараа хуцаж л байг” хэмээн хэлсэн нь Ногоон намын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүдийг ихэд бухимдуулаад авчээ. Тэд эхчүүд эмэгтэйчүүдийг нохойтой зүйрлэлээ хэмээж буй. Улс төрчдөд хааяа үгийн алдаа гаргах тохиолдол байдаг л биз. Гэхдээ Д.Энхбатын Ногоон намаа бусниулж, дур мэдэн Иргэний зориг намтай нийлүүлэн, хууль бус үйлдэл хийсэнд тус намынхан илүү их дургүйцжээ. Цаашдаа Д.Энхбат шинээр нэгдсэн намаа Иргэний зориг-Ногоон нам гэж нэрлэх нь утга учир муутай болов бололтой. Ийнхүү будилж яваа түүнийг Ногоон намаас хөөгдсөн гэж намын нөхөд нь албан ёсоор зарласан юм. Энэ бүхнээс харахад эрхэм гишүүн Д.Энхбат нь үндсэндээ өөрөө өөрийгөө боймлож том дуугаар доромжлох аятай хэлээд байсан өнөөх “жингэр” ноходдоо хонгоныхоо махыг зулгаалгаж буй хэрэг болж байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )