Монголд цөмийн хаягдал булшлах, эс булшлах маргаан ид өрнөлтийнхөө үед явж байна. Америкийн дэд Ерөнхийлөгчийг Монголд айлчлах үеэр Ногоон эвсэл болон иргэний бусад байгууллагууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ч бас хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай гэрээ хэлэлцээр огт хийгдээгүй гэв. Гэвч Японы Ногоон эвслийнхэн манай зарим иргэний байгууллагуудтай цахим шуудангаар харилцаж, “Анх Японд атомын цахилгаан станц барьж байгуулахыг иргэд маань эсэргүүцэж байсан. Харин Японы засгийн газар чив чимээгүйхэн бүх бэлтгэлээ хангаад нэгэнтээ атомын станц барих болсноо зарлаж байсан юм. Хүн, байгальд ямар хор хөнөөлтэйг одоо бид биеэрээ мэдэрч байна. Танай улсад цөмийн хаягдал булшлах талаар их гүрнүүд санаархаж, урьдчилсан байдлаар ярилцаж байгаа нь тодорхой боллоо. Үүнд бид эмзэглэж байна” гэсэн утгатай зүйл бичиж илгээжээ. Мөн Японы “Майничи” сониныхон манай төр засгийн эрх баригчид, ялангуяа Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдэгдлийг буруушааж, шаардлагатай бол сайдтай өөртэй нь энэ талаар халз ярилцлага хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )