"Хөсөгтөн" хамтлаг дэлхийн олон уран бүтээлчийн мөрөөдөл болдог Английн хатан хааны "Рояал Альберт"-ийн театрт тоглоод иржээ. "ВВС Рrоm" буюу дэлхийн алдартай сонгодог хөгжмийн наадамд эх орноо төлөөлөн уран бүтээлээ хүргэсэн "Хөсөгтөн" хамтлаг ВВС телевизтэй хамтран ажилладаг аж. 1995 оноос хойш зохиогдож буй "ВВС prom" хөгжмийн наадамд "Хөсөгтөн" хамтлаг оролцохын зэрэгцээ хөөмийчдийн чуулга уулзалт хийж, Дэлхийн хөөмийн холбоог байгуулжээ. Тэд энэ удаад Монголын ардын урлаг дэлхийд сонин содон болохыг мэдэрсэн байна. Таван мянган хүний суудалтай Рояал Альбертийн театр үнэхээр сүрдмээр байсан аж. Мөн дэлхийн 10 гаруй сая хүн цэнхэр дэлгэцээр үзэхийн зэрэгцээ Монголын ардын урлаг бүхнийг баясгаж чаджээ. Дэлхий нийт гайхан биширч байгаа нь мэдрэгдэж байсныг тус хамтлагийн ахлагч Д.Ариунболд өгүүллээ. Энэ удаагийн хөгжмийн наадамд олон шалгуур давсан таван орны уран бүтээлч ирж уран бүтээлээ толилуулсан байна. Дэлхийн 10 шилдэг төгөлдөр хуурчийн нэг, Хятадын Лан Лан тоглосон нь ямархан чансаатай наадам болохыг тодотгожээ. "Хөсөгтөн" хамтлаг "Тоорой банди", "Монгол" гэсэн бүтээлээ 20 минут толилуулах эрх олгосон бол бусад орны уран бүтээлчдэд 10-15 минутын л эрх өгчээ. Манай тоглолтыг үзээд хүмүүс бараг "шок"-нд орсон гэнэ. Учир нь хөөмийг амьдаар нь сонсож байгаагүй, тийм гайхамшигтай зүйл байдгийг мэдэхгүй нэгэн ч байсан аж. Талын Монголын уран бүтээлчид өрнийн сонгодгийг хөөмийтэй хослуулан цоо шинэ хөгжмийн мэдрэмж өгч буйд ямар ч хүн гайхахгүй байх аргагүй билээ. Тоглолтын маргааш Английн томоохон сонин дээр "Хөсөгтөн" хамтлаг өмнө нь сонсогдоогoй гайхалтай хөгжмийг хүргэлээ" гэсэн утгатай нийтлэл нийтлэгдэн олны хүртээл болжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )