"Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмааг "Яг одоо" буландаа урилаа. Түүний "Би чамд хайртай", "Хайр ирнэ", "Ижийдээ", "Даяарын амгалан", "Ижий улирал", "Өнө мөнхийн хайлан", "Сэтгэлийн улирал" дууг нь хүмүүс аялах, дуулах дуртайгаас гадна "Хуульгүй амраг", "Үр орон", "Цаг хугацаа миний амраг" зэрэг номыг нь амтархан уншдаг.
-Яг одоо ямар ажил амжуулах гээд явж байна вэ?
-Яг одоо ажил руугаа явж байна. МУЗН-ийн "Нигүүсэл" сонинд ажилладаг. Манай сонин сард нэг удаа гардаг. Наймдугаар сарынхаа дугаарыг бэлтгэх гээд гүйж явна даа.
-Уран бүтээлийн олз омог ихтэй биз дээ?
-Сүүлийн үед ном гаргасангүй. Гэхдээ үзгээ тавиагүй. Ямар ч байсан арав, арваннэгдүгээр сард хоёр номоо зэрэг өлгийдөн авах бодолтой байгаа. Тэгээд ч энэ зун уран бүтээлийн онгод ихтэй байлаа. Тэр дундаа ном их уншиж байна. Сүүлийн үед Чоно багшийн гаргасан цуврал номуудыг алгасалгүй уншиж байна. Түүхийн сэдвээр бичсэн номууд нь их сонирхолтой. Өвөрмөц хэлбэрээр бичигдэж байгаа түүний номыг сөхөхөд түүхээ эргэн харах гээд их зүйлийг мэдэж болохоор санагдсан.
-Ихэнх дуугаа ханьтайгаа хамтарч бүтээсэн. Нэг гэр бүлийн хоёр уран бүтээлч байхын сайхан нь юу вэ?
-Ханийг маань Цэн.Эрдэнэбат гэдэг. Хөвсгөл нутгийн уугуул. Хоёулаа уран бүтээлч байхын сайхныг үгээр хэлэхийн аргагүй. Ялангуяа, нэг нэгнийгээ ойлгох тал дээр илүү байдаг болов уу. Зан араншин, сэтгэл зүйн хувьд шүү дээ. Бид олон уран бүтээл хамтдаа хийж явна.
-Яг одоо хамтдаа ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Шинээр хэдэн дуу хийж байгаа. Гэхдээ манай хүн дан мэргэжлийн уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж байна.
-Дуучин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар олон дууг тань дуулж амилуулсан. Ингэхэд өөрөө дуулахдаа хэр зэрэг вэ?
-Би дуунд дуртай. Гэхдээ сайн сонсогч байх гэж бодож байна. Хэрвээ дуучин байсан бол өдийд дуулаад л явах байсан байлгүй.
-Төлөвлөсөн ажлаа хойш нь тавих тохиолдол байдаг уу. Эсвэл яг одоо гээд махран зүтгэдэг үү?
-Яг одоо хийнэ гээд зүтгэсэн бол хийхийг зорьдог. Гэхдээ юмыг яг одоо гэж улайран зүтгэхдээ тийм ч сайн биш ээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )