Японд хараар ажиллахад зуучилна гэвэл та итгэх үү. Үүнд итгэдэг тэнэг толгойтон өнөөдөр Монголд бараг байхгүй байх. Япон бол манайхны бөөн бөөнөөрөө давхиж очоод юу тааралдсанаа хийж хэдэн төгрөг арай ядан олдог орон биш. Тэнд ажиллах хүчийг гадаадаас авах нь маш хязгаартай. Монголчууд шиг техник технологийн мэдлэг, чадваргүй хүмүүс тийшээ зүглэлтгүй. Хэдэн жилийн өмнө Боловсролын их сургуулийн багш, компьютерийн программ хангамжаар мэргэжсэн нэг лут залуу тэнд эхнэрээ дагаж очоод бүтэн жил шахам ажил хайж явсаар онгоцны үйлчилгээнд сонин сэтгүүл хүргэж өгдөг л ажил олж хийсэн гэдэг. Хүний гараар хийх цөөн тооны иймэрхүү ажлын байр олдох нь олддог гэнэ лээ. Гэхдээ хэцүү. Гэтэл Японы сумо бөхийн ертөнцөд Монгол бөхчүүдээ анх уриалан дагуулсан Д.Кёкүшюзан Батбаяр УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөхдөө сонгогчдод “Энэ дүүргээс би 10 мянган хүнийг Японд ажиллуулна” гэж амласан юм. Ер нь өнгөрсөн сонгуулиудад ганц Д.Батбаяр ч биш Ардын намын бас олон хүн тойргийнхоо залуучуудыг Солонгос улсад ажиллуулна хэмээн амлаж байлаа. Өөрөөр хэлбэл тэд Монголоо хөгжүүлэхэд залуус та нар гар бие оролцож, төмөр зам, авто зам, барилга зэргийг барихад оролцох хэрэггүй гэснээс ялгаагүй юм ярьж явсан даа, хөөрхий. Нэгэн бодлын зэвүү хүргэмээр иймэрхүү эх орон ч бус сэтгэмж улс төрчдөөс анх гарч байсан юм. Д.Батбаяр гишүүний дээрх амлалт үнэндээ биелэх ямар ч боломжгүйг нэгэнт хэлсэн тул олон юм энд нуршаад яахав. Одоо сонгогчид түүнийг “Хар худалч” гэж байгаа. Энэ нь ч зөв биз. Мөн түүний амлаад байсан тус дүүргийн дөрвөн өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно гэдэг нь бас будаа болжээ. Харин тэр цагаан сараар хэдэн ахмад настангуудад бэлэг сэлт тараасаар өдий хүрсэн бөгөөд Ховд аймгийн 80 жилийн ойгоор найман ахмад бөхөд мотоцикл, заан цолтой хоёр бөхөд “Ланд-200” машин бэлэглэсэн байна. Тэр лав тойрог, сонсогчдоо андуурсан байх аа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )