Германы тал Б.Хурцыг буруутай гэж үзлээ, одоо ямар шийтгэл хүлээлгэхийг нь л харах үлджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 25

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Английн шүүхээс Германы талд шилжүүлэн өгөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл өчигдөр Германы шүүх түүнийг буруутгажээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны дүнд ийнхүү буруутай гэж үзсэн байна. Энэ тухай ВВС агентлаг мэдээлжээ. Тус агентлаг “Монголын тагнуулч Б.Хурц нь нутаг нэгт залууг Францад барьцаалж, Европын орнуудаар явсны дараа эх оронд нь буцаасан. Иймээс Европын холбооны хуулийг зөрчиж, хүн барьцаалж, биед нь гэмтэл учруулсан хэрэгт буруутай гэж үзэв” гэсэн байна. Манай Засгийн газар болон өмгөөлөгч нар Б.Хурц нь дипломатын халдашгүй эрхтэй учраас баривчилж, шүүхийн танхимд шүүх нь хууль бус гэж мэдэгдэж байсан нь ийнхүү талаар болов бололтой. Харин одоо түүнд ямар хариуцлага хүлээлгэхийг харах үлдлээ.  

2003 онд Н.Энхбаярын Засгийн газраас С.Зоригийн аллагын талаарх мэдээллийг өндрөөр үнэлж байлаа. Мэдээлэл 500 сая төгрөгийн үнэтэй гэдгийг нийтэд зарласан. Ийнхүү мөнгө амласан нь 2004 оны УИХ, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэг томоохон Пи-Ар нь байв. Засгийн газар аллагыг илрүүлэх гэж мөнгө амласан ч зүгээр суусангүй. Тухайн үед Ерөнхий сайдын дор ажилладаг Сөрөх тагнуулын дарга Б.Хурц нарын хүмүүст үүрэг өгч, гадагш явуулсан юм. Тэд Европын холбооны орнуудаас Д.Энхбатыг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан хулгайлж авчирсаныг өмгөөлөгч, хурандаа Л.Санжаасүрэн нийтэд дэлгэсэн юм. Энэ үйлдлийг нь улсын нууц задруулсан гэж үзээд Б.Энхбатад гурван жил, өмгөөлөгчид нь 18 cap хорих ял ногдуулж байв. Хурандаа Л.Санжаасүрэн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газраас Францын нутагт хууль бус ажиллагаа явуулж, хүн хулгайлж, хүчээр Монголд авчирсан. Үүнийг нь би үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу нийтэд мэдээлсэн. Гэтэл энэ нь төрийн нууц байсан юм байна л даа. Монголын хуулийн байгууллага, цагдаа тагнуул нь гадаад улсын нутагт хууль бус ажиллагаа явуулсан нь төрийн нууцад орж байгаа гэж үзэхээр төрөөс зохион байгуулсан тусгай нууц арга ажиллагаа байсан гэж ойлгож байна. Би Франц, Германы Элчин сайдын яамны дипломат ажилтнуудтай удаа дараа уулзаж байсан. Тэдний өгсөн мэдээллээр Монголын тал Франц, Германы нутагт хууль бус ажиллагаа явуулсан. Үүний нэг баталгаа Германаас Монголын нэг дипломатчийг хөөсөн явдал. Д.Энхбатыг Монголд авчрахдаа Тагнуулын газраас 20 гаруй мянган ам.доллар зарлагдсан юм билээ. Хуулийн байгууллагынхан хүн алах процесс, хууль бус ажиллагаандаа ямар их хөрөнгө төсөв зардгийг харууллаа” хэмээжээ. Сөрөх тагнуулын алба, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан хурандаа Л.Санжаасүрэн улсын нууц задруулсан хэргээрээ есөн cap хоригдоод суллагдсан хэдий ч өмгөөлөгчөөр ажиллах эрхээ хасуулж давхар шийтгэл хүлээсэн юм.

Манай улсын холбогдох албан тушаалтнууд Б.Хурцыг суллаж, эх оронд нь авч ирэхийн төлөө байгаа нь мэдээж. Иргэний байгууллагуудаас ч түүний эрхийг хамгаалахаа мэдэгдсэн. Иргэнээ өмөөрөх нь зүйн хэрэг. Тэр цэргийн хүний ёсоор үүргээ гүйцэтгэсэн байх. Харин үүрэг өгсөн хүмүүс нь одоо юу бодож суугаа бол оо. Тухайн үед Франц руу хүн хулгайлахаар хэн хэн явсныг ч Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон тагнуул, эрүүгийн цагдаагийн удирдлагууд нэг бүрчлэн мэдэж байсан нь ойлгомжтой.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top