Монголын тагнуулын байгууллага хэнд үйлчилдэг вэ. Сүүлийн үед энэ талаар хүмүүс бие биенээсээ асуух боллоо. Эргэлзэн тээнэгэлзэж буй тул ийнхүү энэ байгууллагын талаар хэлэлцэж буй хэрэг биз. Цөөн хүн амтай, хоёр их гүрнээр хүрээлэгдсэн манай улсын түүхэнд Тагнуулын байгууллага маань хүндхэн замыг туулж ирсэн болов уу. Түүхчдийн зарим нь ийнхүү дүгнэдэг. Гэхдээ нарийн ширийнийг тэр бүр дэлгээд байдаггүй. Ерөнхийдөө Орос, Хятадын эрх баригчид өөрсдийн хүмүүсээ ээлжлэн тэнд шургуулж байсан юм билээ. Түүхийн нэг үед нь Оросууд эзэгнэж байсан бол нөгөө хэсэгт нь Хятадууд гар хөлөө болгосон байх жишээтэй. Энэ бол хатуу ч гэсэн үнэнд дөхөмтэй дүгнэлт ажээ. Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга асан Б.Хурцад тохиолдсон явдлуудаас үүдэн тагнуулчид руугаа эргэн харах хэрэг болж байна, яг одоо. Ардчиллын 20 гаруй жилд тэнд бүхэлдээ эрх баригчдыг мэдээллээр хангагчид, Орос, Хятадын томчуудад үйлчлэгчид цугларч байсан байна. Өөрөөр хэлбэл тагнуулын байгууллага нь мэргэжлийн тусгай үүргээ гүйцэтгэх нь гол биш, харин улс төрчдийн хүсэл сонирхолд илүү зүтгэж байсан гэхэд болох аж. Израилийн “МОСАДА” шиг байгууллагатай болох мөрөөдөл зарим тагнуулчдад маань байсан л байх. Израиль бол тагнуулчдаараа алдартай. Дэлхийн том гүрнүүд тэднээс эмээдэг. Жинхэнэ мэргэжлийн ур чадвараараа гайхуулдаг. Улс төрчдийн гар хөл болно гэж тэд ёстой байхгүй. Ингэж л ажиллах учиртай юм билээ, тагнуулчид. Гэтэл манайд байдал эсрэгээрээ явж иржээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эхнэрээ хүртэл хэдхэн хоног ажиллуулж болдог байгууллага болсон шүү дээ. С.Зоригийн хэргийн баримтуудаас алга болсоор байгаа. Б.Хурц ч тийм даалгавар биелүүлж байсан юм билүү хэн мэдэхэв. Сахалт Билэгт гэгч хогийн эрийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилж л байсан. Мөн Чимэд-Юндэн гэдэг идэж уухын дон үглэсэн амьтан түүний үед дэд дарга нь байлаа. Монголын үе үеийн төрийн тэргүүнүүдийн амьдарч, ажиллаж байсан өргөөг мань эр хувийн болгох гээд гүйж явсан юм. Төв шуудангийн баруун урд талд байдаг том цагаан хашаатай байрыг хүмүүс санаж байгаа байх. Одоо ч энэ байр төрийн тусгай хамгаалалтанд байгаа. Чимэд-Юндэн, Б.Хурц нар энэ байшинд хувийн казино маягийн тоглоом, зоогийн газар, агуулах хүртэл нээн ажиллуулж байсан гэдэг. Харин тагнуулын Ерөнхий газрын дарга асан М.Батсайхан нь бол арай өөрөөр ажиллаж байсан юм шиг байгаа юм. Б.Хурц түүний ТЕГ-ын даргаар ажиллаж байхад сөрөх тагнуулын хэлтсийн ажилтан нь байсан гэнэ. Дараа нь Чимэд-Юндэн, Билэгт мэт нь Хэлтсийн дарга болгож байжээ. Одоо Чимэд-Юндэн Японд байгаа сурагтай. Харин С.Зоригийн хэрэгт Дамирангийн Энхбатыг хүчээр холбогдуулахын тулд Европоос хулгайлж авчрах үүргийн Б.Хурц нарт өгч явуулсан М.Батсайхан дарга нь саяхан Оросын холбооны улсад суух Элчин сайдын яамны атташегаар томилогдсон байх юм. Оросууд түүнд дургүйцэж байсан байна. Яагаад гэвэл тэр хүн хулгайлах хэл аманд өртсөн тул Оросуудад бас халгаатай санагдсан болов уу. Гэвч манай дарга нар түүнийг томилдогоороо томилоод тийш нь илгээжээ. Тэр ийнхүү эгзэгтэй цаг мөчид дипломат албан үүрэг гүйцэтгэх боллоо. Түүний халдашгүй дархан эрх нь Б.Хурцын Германд шүүгдэж буй хэрэгтэй хамт босож ирэх элдэв асуудлуудад халхавч болох бололтой. Зорилго нь ийм л байжээ. Тагнуулын байгуулага улс төрчдийн дур зоргоор ажиллаж байгаагийн наад захын жишээ бас энэ болов уу. Германы тал одоо Б.Хурцыг нарийвчлан шалгаж таарна. Францаас Д.Энхбатыг хулгайлж эх орондоо авчрахдаа Германаар дамжуулсан болон мансууруулах төрлийн бодис хэрэглэн ухаан алдуулж, зодож эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдсан, зохиомол хэрэгт гүтгэсэн гээд олон асуудлыг хөндөх байх аа. Энэ бүхнээс яалт ч үгүй тухайн үед үүрэг өгсөн М.Батсайхан болон Б.Хурцтай хамт явсан гурван тагнуулчийн талаарх мэдээлэл яригдана. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярын тухайн үед тэдэнд нэмэлт үүрэг даалгавар өгч байсан эсэхийг Германчууд төдийгүй Монголын нийт ард түмэн чихээ таглан суусан ч сонсогдохоос өөр зам үлдэхгүй нь ээ. Германд олон жил амьдарч байгаа, тус улсын иргэн болсон Д.Энхбатын хүү Золбоогийн тэндхийн хууль хяналтынханд гаргаж өгсөн мэдээлэл, хүсэлт, шаардлагуудыг хайхарч үзэхгүйгээр өнгөрнө гэж юу байхав. Германчууд бол монголын өнөөгийн эрх баригчид шиг хэт явцуу хүрээнд ажилладаггүй, улс төрчдийн хувийн эрх ашигт үйлчилдэггүй, гагцхүү иргэний эрхийг дээдэлдэг шүүх, тагнуулын байгууллагатай. Тиймээс энэ бүхэн нь Монголын тагнуулын байгууллагыг цочроосон үйл явдал болж өрнөх ажээ. Нөгөөтэйгүүр энэхүү тусгай статустай байгууллагыг зөвхөн эрх баригчдын гарын үзүүрийн мод шиг биш жинхэнэ ёсоор, хараат бусаар үүргээ биелүүлдэг болгоход харин ч тустай хэрэг болж байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )