Монголын залуучуудын байгууллага 90 нас хүрчээ. Асар их түүх, соёл, алсын том зорилго, мөрөөдөл тийш тэмүүлэх зориг золбоог нэмсэн баяр хөөр хэмээн энэхүү ойг хэлж болох байх. Баабар “Ой” гэсэн нэг сайхан өгүүлэл нийтэлсэн байна лээ. Чухамдаа түүний хэлсэн шиг тэмдэглэлт ой гэдэг эргэн дурсах, өнөөгийн амьдарлаа цэгнэх, ирээдүйгээ төсөөлөх торгон мөч ажээ. Монголын залуучуудын холбооныхны ойгоо тэмдэглэж буйг харвал харин өнөөгийн цаг үеэ дутуу үнэлж, алс хэтээ муухан харж байх шиг байна. Нэг тийм сонин нялуун, бас хүйтэн амьсгал, үнэр мэдрэгдээд байх юм, тэндээс. Шинэчлэх цаг нь болсон юм болов уу даа. Залуус маань өнөөдөр хэдэн тийш тарж хуваагдчихсан, бие биенээ хялайж харахаас цаашгүй болчихож. Монголын залуучуудын төв байгууллага гэх өнгө, нүүр царай болчихмоор юм ер харагдахгүй байна. Саармагжсан, салж одсон хүмүүсээс өөрийг олж мэдэх ч боломж муу болж. Улс төрийн олон намын систем тогтсоноос хойш нам болгон дэргэдээ залуучуудын байгууллагатай болсонтой энэ бүхэн холбоотой гэж зарим нь ярьж байна. Үнэн болов уу. Эрх баригч хоёр том нам тус тусдаа залуучуудын байгууллагатай. Ардын намын дэргэд “Нийгмийн ардчилал” хэмээх тодотголтой байгууллага байхад Ардчилсан намд зүгээр л “Ардчилсан” гэсэн өмнөтгөлтэй залуучуудын байгууллага байгаа. Хоёулаа л залуу хүн бүрийн сайн сайхны төлөө ажиллах уриатай. Гэвч зарим үйл ажиллгааг нь харахаар ардаа эзэнтэй банхар том нохой, эсвэл золбин гөлөг санаанд бууж ирээд болдоггүй. Эрх баригч Ардын намын явуулж буй социалист маягийн хэт хуучимсаг, орчин цагийн сэтгэлгээнээс хэдэн бээрийн цаана хол хоцорчихсон үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг боорлон хуцна, залуус нь. Өөрөөр хэлбэл улс төрчдийн худал хуурмагаар дүүрсэн хөгийн амьдралынх нь дүр төрхийг олон нийтэд байгаагаар нь харуулахаас үхтлээ айдаг “гөлөг”-нүүд тэнд цуглажээ. Тэднийг У.Хүрэлсүх гэгч нь залуурдаж суудаг гэнэ. Хэдэн жилийн өмнө Хятадын улаан хамгаалагчид шиг толгойдоо эрээн тууз ороосон залуус иргэний байгууллагуудын тэмцлийн эсрэг жагсаал хийж, “Манай намын байрны цонхыг хагалсан адгийн шаарууд” хэмээн хашгиралдаж явсансан. Мөн хэдхэн сарын өмнө Ардын намынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан УИХ-ын зарим гишүүд, тухайлбал Тэрбишдагва, Даваасүрэн зэрэг хүмүүсийг “Огцор” хэмээн шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаж байлаа. Бухимдаад байгаа тэр хүмүүс нь тийм муу үйл хийчихсэн юм болов уу гээд сонжоод байвал У.Хүрэлсүхийн дэргэд ёстой жинхэнэ хүн гэж хэлэхээр улс төрчид байсан юм л даа. Одоо огцорчихоогүй л байна, тэд нар нь. Харин саяхан Даваасүрэн гишүүн Хөвсгөл нутагтаа очиход нь хот, хөдөөгийн зарим залуус нь ихээхэн хөндий, хүйтэн угтсан сурагтай. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх түүнийг дахин УИХ-д намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдэж байсантай нь холбоотойгоор тийнхүү залуус нь зайгаа авч эхэлж буй хэрэг биз. Өөрөөр хэлбэл нам дагасан залуучуудын байгууллага нь улс төрийн хор найруулагчдын бүлэглэл болон хувирчээ. Гүтгэлэг, доромжлолоор залуусаа зэвсэглэдэг хэмээн нэгэн судлаач хэлж байна лээ. Хатуу бөгөөд үнэн үг гэдгийг нь хэн ч өнөөдөр батлаад өргөх бололтой. “Ардчилсан” гэх залуучуудын байгууллага нь мөн ялгаагүй ийм юмаар хоолоо олж идэж байна. Хотын Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж тэднийг дунд нь миний, чиний хүн хэмээн талцуулж, хооронд нь “байлдуулан” хэн өрссөн нь дүүрэг, хорооны хэмжээнд залуусаа толгойлох эрхийг олж авах ажээ. Ч.Сайханбилэг, Г.Батхүү,С.Баярцогт гээд Ардчилсан намын залуучуудын байгууллагын үе үеийн толгойлогч нар нь энэ байгууллагаа өмчилж авахыг оролдоно. Ерөнхийдөө ийм л дүр төрх харагдах ажээ. Улс орны бүтээн байгуулалт руу уриалан залж яваа залуусын байгууллага алга болсон байна. Аягүй бол яваандаа ийнхүү хэдэн хэсэг болж талцсан байдал нь үндэстний том хагарал, бутралыг авчрах болов уу. Мөнгө ихтэй аав, ээжүүдийнхээ өврөөс гараагүй шахам банди, охидууд их улс төр рүү хүч үзэхээр тэмүүлэх боллоо. Үүнийг нь дагасан мөнгөний урсгал дунд иргэд маань төөрч будилж сууна. Халаасны мөнгө ихтэй залуус олонтойгоороо Ардын нам нь арай ахиухан юм иргэдэд тараах бололтой. Хөдөөгийн сумдаас сүүлийн үед ийм л мэдээ ирж байна. Ардын намын залуучууд Хэнтийн аймгийн зарим сумдад мөнгө тараалаа, дараа нь Завханд очиж тараана гэх мэт яриа ирэх жилийн сонгууль болтол үргэлжлэх ажээ.
Бүр сүүлдээ Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагын даргыг хусч хаяад оронд нь очих гэсэн залуус Ардын нам, Ардчилсан намаас “далд томилолт” авчихсан гүйлдэх болов. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд тэргүүн Ц.Баатархүү, Ардын намаас бас хэн хэн ч гэнэв өрсөлдөх болж байх шиг байна. Монголын залуучуудын холбооны одоогийн дарга Ц.Зоригбаатар уг нь огцрох болчихсон хүн л дээ. Олигтой юм ер хийгээгүй. Хийдэг ажил нь гадаадад дуртай үедээ зорчих. Солонгосчуудтай нийлээд барилга барьж, залуучуудыг орон сууцжуулна гээд луйвар хийчихсэн гэж байгаа. Азаар харин шоронд суулгүй үлдсэн. Түүхт 90 жилийн ойн баярын өдрүүдэд түүнийг огцруулах хөдөлгөөн хүчээ авч байна. Баярын хуралд нь хэсэг залуус “Нойрноосоо хэзээ сэрэх вэ” гэсэн лоозонтой очлоо. Мөн онол, практикийн хуралд нь Монголын залуучуудын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Д.Батчулуун нарын хүмүүс “Шаардах хуудас” барьж оролцов. Эцсийн дүнд хэн ялагч болсон нь Монголын залуучуудын холбоогоор цаашдаа хөлжих болж байна. Түүнчлэн аль нам нь ийм том айлын өрхийг татаж, үүдийг нээж, хааж явахыг шийдэх болжээ. Нэг иймэрхүү л нөхөд энэ байгууллагаар тоглож байна даа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )