Сангийн сайд С.Баярцогт төсвийн тодотголынхоо тухай саяхан ярьжээ. Түүний тооцоолсноор энэ удаагийн төсвийн тодотголоор 1,4 орчим их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэнэ. Энэ бол бага мөнгө биш. Зун, намрын дэлгэр цаг дуусч өвөл болох дохиогоо өгч эхэллээ, байгаль дэлхий маань. Төсвийн хөрөнгөөр баригдах, засварлагдах эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд мөнгө харан, горьдоод сууж байна. Үндсэндээ ажил нь зогсчихож. Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сургууль, цэцэрлэгүүдийн барилгууд мөнгөгүйгээс хүлээгдлээ хэмээн их л санааширсан шинжтэй хэлж байна лээ. Ер нь эдгээр бүх бүтээн байгуулалтын ажлыг өвлөөс өрсөн хийхэд улсын хэмжээнд 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Харин Сангийн яам төсвийн тодотголоо хэрхэн хийж, Засгийн газраар хэлэлцээд УИХ-д хэзээ оруулж батлуулахаас бүх юм шалтгаалж байгаа ажээ. С.Баярцогт сайд тэгвэл “Бид хийх ёстойгоо хийчихлээ. Одоо хэлэлцүүлж батлуулах үлдлээ. Шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганаа зарлана биз” гэв. Хожуу ч гэсэн яахав дээ. Гэхдээ өвөл хаяанд ирчихжээ. УИХ-ын намрын чуулган 10 сард эхэлнэ. Наана нь ээлжит бус чуулган зарлах боломжгүй, тэгээд ч “Хэлэлцэх асуудал алга” хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлдаад байгаа. Зарим гишүүд нь хэлэлцэх асуудал маш их байна гэдэг. Аль нь үнэн юм бол доо. Гэхдээ ажил, шийдэх асуудлууд овоорчихоод байгаа нь үнэн болов уу.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )