Их дээд сургуулиуд олширч, мэргэжлийн ажилчин ховордлоо. Оюу толгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд Монгол залуучууд гологдож эхлэв. Тэнд дээд боловсролын дипломтой залуус хэрэггүй. Тэд нар очих ч үгүй юм байна. Харин наад зах нь сайн гагнуурчин бол үнэд орж байгаа ажээ. Жишээлэхэд, зөвхөн Оюу толгойн уурхай, барилга байгууламж дээр 1500 гагнуурчин хэрэгтэй гэнэ. Үүнийг сайд Ё.Отгонбаяр сайтар ойлгож байгаа байх. Иймэрхүү мэргэжилтэй ажилчдыг дээд сургуулиуд бэлтгэдэггүйг бүр илүү мэдэж таарна. Сүүлийн жилүүдэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулан ажиллуулж эхэлсэн боловч гагнуурчин мэтийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн газрыг шинээр байгуулсан нь энэхүү өсч байгаа хэрэгцээгээ хангах зорилготой байлаа. Харамсалтай нь олигтой юм алга байна. Ядаж байхад яр гэгчээр тэрхүү шинээр байгуулсан газрын дарга Б.Мишигдорж гэгч нь ажил хийдэггүй эр гэнэ. Тэтгэвэрт гарах нас нь болчихсон болоод ч тэр үү, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх сургалтыг чанаржуулах талаар санаа тавьдаггүй ажээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд нь нэг муу төмөр сандал ширээнээс өөр материаллаг байз гээд байх юмгүй шахуу байна. Оюу толгойд гэхэд л орчин цагийн технологийг эзэмших чадвартай хүн хэрэгтэй байгаа. Америкийн мянганы сорилтын сангийн үйлчлэх хугацаа хоёр жилийн дараа дуусна. Эндээс санхүүжилт авсан Б.Мишигжав дарга одоо болтол тэрхүү төсөвлөсөн мөнгөнийхөө 60 хувийг ч ашиглаагүй сурагтай. Уул нь шуурхай, зөв зарцууулж, сайн ажилчин бэлтгэж гаргах үүрэгтэй хүн юм билээ. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд нь ч бас Б.Мишигжавыгаа дуурайгаад зүгээр суухыг боддог бололтой. Зарим эх сурвалжууд энэ газрыг хөдөлгөөнд оруулах, эрч хүчтэй ажиллуулахад бул хар чулуу болж буй хүн нь Б.Мишигжавыг гэж заагаад, түүнийг зайлуулахыг хүсч байгаа ажээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )