Мүүнийн шашинтангууд оролцсон энхийн их наадамд Засгийн газраас 150 сая төгрөг зориулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27


Дэлхийн энхийн их наадам өнөөдөр нийслэл хотод нээлтээ хийх ажээ. Энэ наадмыг Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яам голлон хариуцаж, Энхтайван найрамдлын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа гэнэ. Мөн тэдгээрийн дотор Дэлхийн энхийн төлөө гэх Мүүнистүүд ч оролцож байгаа тухай мэдээлэл бий. Өчигдөр “Даяар Монгол” хөдөлгөөн, “Монголын сүсэгтэний холбоо”, “Буддист оюутан залуусын холбоо”, “Тэнгэрлэг Монголын газар шороо” зэрэг хөдөлгөөнийхөн хамтран мэдээлэл хийв. Тэд Дэлхийн энхийн их наадмыг зохион байгуулж байгаа хүмүүс нь Солонгосын Мүүнийн шашныг сурталчилдаг хэмээн зарлажээ. Наадмыг Дэлхийн энх тайвны хөдөлгөөний итгэлийн нийгэмлэг зохион байгуулалцаж байгаа гэв. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн арга хэмжээний хүрээнд явуулж буй энэхүү Энхийн их наадамд зориулан Засгийн газраас 150 сая төгрөг зарцуулахаар болсон юм байна. Тэгвэл тэдгээр иргэний байгууллагууд өчигдөр мэдэгдэхдээ Засгийн газраас шашны байгууллагыг дэмжсэн явдал болж байна гэлээ. Уг нь Үндсэн хуулийн заалтаас харвал төрийн байгууллагууд нь шашны байгууллагыг дэмжихгүй гэсэн байдаг ажээ. Мүүнийн шашин нь Христийн нэгэн чиглэлийн урсгал бөгөөд Америкт амьдарч байгаа 90 гаруй настай Сан Мён Мүүн гэгч нь анх Хойд Солонгост хүүхэд ахуй насандаа “Би Христтэй уулзсан” хэмээн олон түмнийг итгүүлсээр энэ шашинг  үндэслэгч болж тодорчээ. Түүний хар мөр их. Амьдарлынхаа турш 6 удаа шоронд орж байж. Ингэхдээ ихэвчлэн Америкийн татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр хоригдож байсан байна. Өдгөө Дэлхий дахинд Мүүнийн шашинаа сурталчилж, “Мүүн эцэгтээ үйлчилснээр тамаас ангижрана” хэмээн сургадаг байна.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top