Гавьяат Жавхлан түмэн олны галыг бадраасан тулгаа заржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27


Улс төрөөр хэсэг өвчлөөд олигтой үр дүнд хүрээгүй гавьяат маань 21 аймгаараа аялан “Тулганы гал” бадраахын зэрэгцээ тоглолтоо хийж овоо хэдэн төгрөг халааслаад байсан ч сүүлийн үед тоглолт нь саатаад байгаа гэнэ.  УИХ-ын гишүүн Н.Батбаяр ч дуучин С.Жавхлангийн "Тулганы гал бадраах ёслол"-ыг эхнээс нь дэмжин явсан  хамтран зүтгэгч.  Зорилго нэгдсэн болохоор ч тэр үү  тэд үсээ ургуулж, дээлээр гоёод  ижилхэн харагдах болсон билээ. Гавьяат дуучин С.Жавхлан таргалах тусмаа УИХ-ын эрхэм гишүүн Н.Батбаяртай адилхан болж харин эрхэм гишүүн үсээ ургуулах тусам С.Жавхлантай ижилхэн болж байгаа анзаарсан хүмүүс тэдэнд “Эр хоёр загал” гэсэн хоч өгөөд амжсан удаатай.  "Эр хоёр загал"-ын маань замын хүзүү салж байгаа сурагтай. Учир юув хэмээвээс  С.Жавхлан  Дундговийн 70 жилийн ойгоор уригдан дуутай хууртай Дундговь нутагт морилон саатахдаа “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүгийн гэрээр зочилж морины уяан дээр нь саатаж  дуунд мөнхөрсөн алдарт шарга азарганы төл болох ухаа унагыг ихэд сонирхжээ. Наймаалцах дээрээ тулахад Б.Наранхүү “Түмний гал бадраасан” тулгаа манайд үлдээгээд явах юм бол өгье гэсэн байна. Ийнхүү хурдан ажнайн үр төлийг худалдаж авахдаа Түмэн олноороо тахиулсан тулгаа нэмэрлэсэн юм байх. Дараагийн аймаг руу явах гээд адилхан тулга хийлгэхээр алдарт төмрийн дархан дээр очсон боловч өвгөн дархан уг тулгыг хараагүйн дээр зураг нь байхгүй тул тулга урлах ажил тун удаашралтай байгаа сурагтай. Түүний энэ байдлыг сонссон Н.Батбаяр, А.Энхтайван, Н.Сувд нар эхнээсээ зам нийлэхгүй гэдгээ хэлж хатуухан үг шидэлсэн гэнэ шүү. Тулгаа зарсан С.Жавхлан гавьяат дараагийн аймгуудад түмэн олныхоо галыг тахихдаа хулхи тулгатай л очих бололтой.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top