Монгол ёсон: Хүүхэд өсгөх ухаанаас

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 28

Монгол хүн бүр үр хүүхдээ юуны өмнө хүн болгох хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Хүн болгоно гэдэг ойлголт нь хүүхдэд хүнд байх ёстой хамгийн эрхэм нандин чанарыг хэвшүүлэхийг хэлдэг. Тэр нь хүнд ач тус болж, өөрийн болон хүний амьдралд гэм хоргүй, өөрт заяасан хувь тавилангаа зөв эдлэж, хүн шиг амьдрах явдал гэж үздэг. Шашин номын багш нар нь бол бие, хэл, сэтгэл гурвын нүгэл үгүй амьдрахыг сургана.

Нийгмийн харилцаанд оролцохдоо сөрөг буруу үйлдэл хийж, өөрт болон бусдад хортой үйл үйлдэхийг биеийн нүгэлд тооцдог байна.

Сэтгэлийн нүгэл нь оюун ухаанд буруу зүйл сэдэх, буруу үзэл номлол гаргах, буруу төсөөлөлтэй байхыг хэлнэ.

Хэлний нүгэл нь өөрийн бодож сэдсэн, ойлгож ухаарсан буруу зүйлийг түгээж тархаах, хүн хэлдэггүй муу муухай үг яриа гаргахыг хэлнэ.

Ер нь Монголд зөв хүн байх, сайн хүн байх, сайн үйл бүтээх өдий төдий сургаал үг, номлол байдаг. Бас хүүхдэд бүрд багаас нь хорио цээрийн тухайд ойлгуулдаг. Тэр нь юуг сайн, юуг муу гэж үзэх ёстойг, яагаад муу үйл, буруу зөрүү үг яриа гаргаж болохгүй, бусдад яагаад хор тарьж болохгүйг ойлгуулна. Жишээ нь: өвгөд өтгөс, аав ээж, ах дүүгээ яаж хүндэтгэх, байгалийг яаж хамгаалах, хүний хийж бүтээснийг яаж хайрлаж хамгаалахыг зааж өгнө.

Зааж сургах, дадуулах өөрөөр нь хийлгэх үйл явц нас насанд өөр өөр байдаг. Монгол ардын ярианд хүүхдийн насыг уйлах нас, дуулах нас, дууриах нас, хийж бүтээж сурах нас гэх мэтээр тун ойлгомжтой нэрлэсэн нь бий. Ер нь бол хүүхдийг хэвлийдээ  байх үеэс эхлээд нас биед хүртэл нь, өөрөөр хэлбэл 16 хүртэл насныхныг  долоон өөр нэрээр нэрлэж, хандах нь ч өөр өөр байна.

- Зулбарай үе гэдэг нь хэвлий дэх хоёр сар хүртэлх хугацаа. Үр зулбах гэдэг нь энэ хугацаанд дутуу төрөх, одоогийнхоор аборт гэгчийг хийлгэхийг хэлдэг байна.
- Нярай үе нь хэвлий дэх гурван сартайгаас төрсний дараах хоёр сарыг хүртэлх үеийг хэлнэ. Нярайлах, хүүхэд нярай байгаа гэдэг нь энэ.
- Нялх үе нь гурван сартайгаас нялх нас хүртэлх хугацаа. Энэ хүртэл нас гэж ярихгүй. Тийм үе, ийм үе гэж ярина.
- Балчир нас гэдэг нь 2-4 насыг хэлнэ.
- Бага нас нь 5-8 нас болно.

Монголчууд балчир насандаа бие мах бодоороо, бага насандаа оюун сэтгэлээрээ мэдэрдэг гэж үздэг. Бага наснаас эхлээд, өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө таниад ирснээс нь хойш бие махбодод нь хүрэх, өвтгөх (зодох), хашраах зэргийг болгоомжилдог.

- 9-12 насыг өсвөр нас гэнэ. Орчин цагт өсвөр нас, өсөх идэр насны заагийг шилжилтийн үе буюу хүний дотоод ертөнц орчин ахуйтайгаа зөрчилдөж эхэлдэг үе гэж үзэж байна. Хүнд байдаг байгалийн буюу төрөлх шинж чанар нийгмийн харьцаанаас үүдэлтэй, нийгэмшлийн үр дүн, шинж төрхтэй зөрчилдөж байна гэсэн үг.
- 13-16 насыг өсөх идэр нас гэнэ. Зарим хүн, тэр байтугаа судлаачид хүртэл 50 гарсан хүнийг идэр насны хүн гэж хэлдэг нь буруу ойлголт юм. Одоо үед хүүхэд 16 хүрээд иргэний үнэмлэх гардан авч байгаа. Том хүн болж байна гэсэн үг.

“Монгол айл бүр нэг үйлдвэр” гэж үздэг судлаачид бий. Үнэхээр ч, монгол хүн үр хүүхдээ амьд үйлдвэрлэл дээр, бодит амьдрал дунд өсгөж хүмүүжүүлдэг. Бүгдийг дууриалгаж, харуулж хийнэ. Тэр явцад ярьж тайлбарлаж өгнө. Төлөвшлийг олгоно.

Хүүхдийн хамгийн ойрын багш нь тухайн хүүхдийн ах эгч нар, өвөө эмээ нь байна. Ах эгч нь дадлагын багш, өвөө эмээ нь сургаалын буюу онолын багш нар юм. Бүгдийг өөрсдийн туршлага, үзэж харсанд тулгуурлан, ярьж тайлбарлаж өгнө. Чухамдаа тэд л монгол хүүхдийн оюуныг төлөвшүүлж хүн болгодог хүмүүс юм.

Нэгэнт хүн болгосон хүнээр хэнийг ч бүтээж болох юм.

Монгол уламжлалт амьдралд хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоом нь айл гэр болж тоглох тоглоом байдаг. Энэ нь сургалтын танхим юмуу дадлагын талбар ч гэж хэлсэн болох амьдралын их сургууль юм.

Ажил хөдөлмөр, үг ярианы бүх дадлага тэнд явагдана. Хүүхдүүд том хүн болж тоглодогоороо хамгийн сонирхолтой, бас сургамжтай хичээл болдог.

Монгол хүүхэд яаж хүн болдгийг ултай сайн анзаарч ухаарваас монгол хүний материаллаг болон оюуны амьдрал, ялангуяа гэр бүлийн үнэ цэнэт зүйлсийг ойлгож, зарим нэг үлгэрлэлийг авч болно гэж үзэж байна.

Доктор, профессор, МУСГЗ Л.Дашням
Монгол уламжлал Академиа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top