Ажиглаж байхад хот газрын залуус, хүүхэд малын гэдэс дотор, толгой шийр, тэр бүү хэл, өрөм бяслаг идэхээ больж байх бололтой. Сайхан хярваслаад, сайн чаначихсан толгой, шийр шиг амттай өег хоол ховор. Монголчууд малынхаа толгой шийрийг тун нямбай янзалж иддэг уламжлалтай. Тэр ч байтугай чихийг хүүхдийн хувь гэлцдэг. Сайтар амталсан гэдэс дотор бол их сайхан хоол. Гэдсэн хуушуур гэж алдартай хоол бий. Цагаан идээ, тэр дотроос бяслаг нь ходоод гэдсэнд сайн, өнгөр тогтоож өгдөг. Ааруул гэхэд л шүд бэхжүүлнэ. Ийм зүйлүүдийг ээж аав нь сайн ойлгуулж, багаас нь идүүлж сургах учиртай юм. Дээрх хоолуудыг хараад ярвайчихдаг тийм заримууд чухам л монголоо алдмарууд юм. Ийм юмыг яаж идэж чадаж байнаа гэж хэлээд амаа таглаад цааш эргэж байсан хөөрхийг би нэг бус удаа үзсэн. Тэгсэн мөртөө хужаа хоол руу шүлсээ залгиад дайрч харагддаг. Хэдхэн жилийн өмнөх нэг явдлыг цухас дурдъя. Хөдөөний нэг айлд амралтын хоног өнгөрүүлж байж билээ. Хотоос нэг том хүн ирнэ гээд л гэрийн эзэн их тэвдүүхэн болчих воо. Гоёмсог тэрэг хөлөглөсөн ихэмсэг товаариш морил воо. Хүнс авлаа. Жолооч нь гялалзуулаад өгөв. Толгой шийрийг нь нөгөөх эрхэм урд жалга руу залчихаж билээ! Явсан дараахан нь миний байгаа айлын эзэгтэй бараг л уйлах шахан очоод авч байсан нь нүдэнд одоо хүртэл харагддаг юм.
Сэтгэгдэл ( 0 )