Авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр Ардын намд хатуу болзол тулгав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

Н.Энхбаяр Солонгос улсад очиж мэс засал хийлгэж ирснээс хойш намынхаа хүчийг бэхжүүлэх, эгнээг өргөтгөх ажилд шуурхайлан оров. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалынх нь мэдэгдэж байгаагаас үзвэл тус намын удирдлага онцгой дэглэмээр ажиллаж байгаа бололтой. Онцгой дэглэм гэдэг нь Н.Энхбаярын өнөөх 2008 онд Ерөнхийлөгч байхдаа Онц байдал тогтоож, хүний аминд хүрч байсантай нь адилгүй болов уу. Гэхдээ онцгой нөхцөл гэсэн нь тус намын удирдлагыг хагалан бутаргах зорилгоор тагнуул, цагдаагийнхан сэм сэмхэн Ардын намынхны захиалгаар хор найруулгын ажилд оролцдог болсонтой холбоотой бололтой. Н.Удвал энэ талаар шаардлагатай үед нь олон нийтэд мэдээлнэ гэж байсан. Н.Энхбаярын хувьд намаа бэхжүүлэхийн тулд жижиг намуудыг өөртөө нэгтгэхийг чухалчилж байгаа гэнэ. Үндэсний шинэ намтай нэгдэх талаар ч санал солилцож байгаа ажээ. Үндэсний шинэ нам нь Н.Энхбаярынх шиг гишүүн элсүүлэхийн төлөө үхэн хатан гүйдэггүй, мэргэжлийн улс төр хийх өндөр чадвартай цөөн тооны хүний бүрэлдэхүүнтэй байхыг чухалчилдаг. Мөн үндэсний үзэл санааг Монголчуудын хөгжлийн гол цөм болгохыг номлож байгаа. Тэгвэл Н.Энхбаяр өнөөдөр лебираль, консерватив, социалист гээд зүсэн бүрийн үзэл онолын холион бантан дунд эргэлдэж байна хэмээн улс төр судлаачид хэлдэг. Гэвч аль болохгүй юмыг болгочихсон малилзаж суухыг нь тэр гэхэв. Аягүй бол улс төрийн өндөрлөгт дахин гарахын тулд М.Энхсайханы үүсгэн байгуулсан Үндэсний шинэ намтай нийлж таарах байх. Намууд нэгдэж нийлэх тухай Н.Энхбаяр ийнхүү төсөөлөх, сонжих, хэлэлцэх явцдаа саяхан Ардын намтай нийлэх эсэх тал дээр харин тун хатуу байр суурьтайгаа хэлээд авлаа. Тэрбээр “Ардын намынхан юун түрүүнд сонгуулийн амлалтаа биелүүлчих. Оюу толгойн алдаатай гэрээг засчих. Таван толгойг ард түмэндээ 100 хувь өгчих. Хүнд суртал, авлигаа арилгачих. Тэгвэл МАН-тай хамтран ажиллаж болох юм. Ийм өөрчлөлт хийгээгүй цагт бид нэгдэнэ, эвсэнэ гэж байхгүй. МАХН дангаараа засгийн эрхийг авч чадна” гэжээ. Тэр өнөөдөр ийнхүү төрөл арилжсан мэт том ярих болсон байна. Авлигын загалмайлсан эцэг хэмээн нэршсэн түүний хувьд тэрээр өөрийгөө бүрэн өөрчилж чадсан эсэхэд хүмүүс эргэлзсээр байгаа юм. Үүний адил бас өдрөөс өдөрт нэр хүнд нь унаж буй Ардын намынхан  авлигаас мөддөө салахгүй, тэдний амь зуух гол арга нь авлига болчихсон юм чинь гэх судлаачид цөөнгүй  ажээ.   

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top