Яармагт 15 мянган айлын орон сууцны хорооллын шав тавилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

Монголчуудын нэгэн үе эрийн гурван наадмаа хийдэг байсан Яармагийн дэнж эдүгээ мянган мянган айлын гал голомтоо бадраасан цогцолбор хороолол болох нь. Богд уулын ар хормойд сүндэрлэн босох "Шинэ Яармаг" хорооллын шав тавих ёслол өнгөрсөн баасан гарагт болж, Ерөнхий сайд С.Батболд болон манай улсад айлчлал хийсэн БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж, орон сууцны зээлийн хүүг хамгийн бага түвшинд байлгах замаар хүн амыг орон сууцаар хангах ажлын эхний томоохон алхам энэ болж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд арга хэмжээний үеэр  хэллээ. Энэ ч үүднээс Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдсэнээр иргэд хямд эх үүсвэртэй урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой болсон. Иргэддээ орон сууц худалдан авах боломжийг гарган өгч байгаа нь хамгийн ач хопбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв. Өөрөөр хэлбэл, иргэдэд олгож буй орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Шавыг тавьсан шинэ хороололд Яармагийн гэр хорооллынхныг түлхүү оруулах бодлого барьж байгаа төдийгүй, төвийн дүүргийн гэр хорооллын иргэдээ ч боломжтой үнээр, тохилог аятайхан нөхцөлд амьдруулах таатай боломжийг Засгийн газар эрэлхийлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлж байв. "Шинэ яармаг" хороолол нь нийтдээ 15 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эрүүл мэндийн төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй иж бүрэн цогцолбор юм. Товчхондоо бол Улаанбаатарт III, IV хорооллоос хойш баригдаж байгаа хамгийн том бүтээн байгуулалт юм байна. Засгийн газраас зарласан "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр болон "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус хороолол нь манлайлах үүрэг гүйцэтгэх юм. 1966 онд Улаанбаатар хотод болсон их үерийн дараа энэ Яармагийн дэнж дээр иргэд анх суурьшиж, хотжих үйл явцын эхлэл болж байсан бол эдүгээ хоёр дахь том хорооллын түүхийг бичилцэх боллоо гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар онцолж байлаа. Иргэдэд хямд үнэтэй орон сууц олгох боломжийг бүрдүүлсэн БНХАУ-ын Экспорт, Импорт банкны хамт олонд талархаж байгаагаа ч дурдсан юм. "Шинэ Яармаг" төсөл амжилттай хэрэгжсэнээр цаашид орон сууцны хорооллын төлөвлөлт, санхүүжилт, ажиллах хүчийг бэлтгэх, урт хугацааны моргейжийн зээл олгох гэх мэт олон асуудлыг цогцоор нь шийдэх загвар төсөл болно хэмээн албаны хүмүүс тодотгож байна. Уг төслийг Засгийн газар, ЗТБХБЯ, Үндэсний компаниудын нэгдэл "Юнайтэд Прожектс" групп, БНХАУ-ын "Гэжоуба" групп компани хамтран хэрэгжүүлэх бөгөөд БНХАУ-ын Экспорт, Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төслийг хэрэгжүүлэх юм. "Шинэ Яармаг" хорооллын барилгын дундаж үнэ нь ойролцоогоор нэг ам метр нь 700-800 ам.доллар байх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top