Авлигатай тэмцэх газрын хоёр дарга шоронд орсноос хойш энэхүү төрийн тусгай алба үндсэндээ эзэнгүйрч, авлига улам газар авах шинжтэй болов. Авлига, албан тушаалын асуудлаар шалгагдаж байгаа зарим хэргүүд замхрах шатандаа орж буй хэмээн эх сурвалжууд өгүүлж байна. Саяхан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд Авлигатай тэмцэх газрын дэд даргад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяагийн нэрийг санал болгон Ерөнхийлөгчийн Тамгийн газар болон УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн сурагтай. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс татгалзсан хариу өгсөн гэнэ. Мөн тагнуул, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа өөр хэд хэдэн хүний нэр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад санал болгосон боловч бас л бүтэлтэй хариу сонсоогүй байна. Төрийн тусгай томоохон байгууллагын нэг АТГ удирдлагагүй болоод хагас жил болов. Уг нь УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байж л байсан. Гэвч улс төрчид авлигатай тэмцэх хүсэл зориггүй байгаа бололтой. Үүнээс гадна манай тагнуул, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ихэнх нь авлигад гаршсан гэх мэдээлэл бас бий. Иймд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ямар нэг Но-гүй, нэр цэвэр, эрч хүчтэй, шударга ажиллах хүнийг эрж хайсаар өдий хүрсэн байх магадлалтай ажээ. Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарын зэрэг эрх мэдэлтнүүд нь шоронд сууж буй Ч.Сангарагчаагийн Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан өргөдлийн хариу хэрхэн гарахыг хүлээсэнтэй бас холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл Ардын намын удирдлагууд Ч.Сангарагчааг АТГ-ын даргаар хэвээр үлдээх гэсэн хүсэл тэмүүлэл нь нөлөөлсөөр бүтэн зургаан сар гаруйг элээсэн гэж нэгэн эх сурвалж хэлж байна. Үнэний хувьтай байж мэднэ. Ямартай ч зарим эрхмүүд маань АТГ-ыг эзэнгүйдүүлэх сонирхолтой хэвээрээ байгаа ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )