Ц.Шинэбаяр Н.Энхбаяраасаа нэг л өдөр огцом салж одсон бол ойрноос бас нэг гэнэтийн сюрприз барина гэнэ. Тэрээр Хөдөлмөрийн нам байгуулахаар шийджээ. Уг нь ийм нэртэй нам байгуулах талаар өнгөрсөн өвөл хэлж л байсан. Гэхдээ МАХН-ын нэрийг буцаан авах гэж гүйсээр хамаг цагаа барсан биз. Түүний “Хамуг Монгол” хөдөлгөөн байгуулсан нь тэрхүү Хөдөлмөрийн намынхаа суурийг тавих гэсэн хэрэг байсан бололтой. Тэр Н.Энхбаяр болон нийт монголчууддаа хандан ил захидал бичиж, “Хамуг Монголын улс төр”-ийг хийхээ албан ёсоор зарласан юм. Хамуг Монгол гэдэг нь манай эзэн богд Чингисийн үеийн төр засгийн анхын хэв шинжийг агуулсан Монгол туургатны нэршил гэдгийг хүмүүс мэдэх хойно доо. Тархай бутархай олон ханлигууд нэгдэн нийлж Хамуг Монголоо байгуулан Чингисийн зарлиг дор хүчирхэгжсэн түүхийг өнөөдөр Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд сайтар судалж байна. Америкийн экс Ерөнхийлөгч Клинтон нэгэнтээ “Чингис шиг агуу удирдагч дэлхийн түүхэнд бараг гараагүй шүү” хэмээн уулга алдаж байсан гэдэг. “Хамуг Монгол” хэмээн хөдөлгөөнөө нэрлэсэн Ц.Шинэбаярынхан Хөдөлмөрийн нам байгуулан нэг ч монгол хүнийг гээж, орхигдуулахгүйгээр хамтын хүчээр ажиллана, урагшлана гэж байна. Тэд “Эрх баригч луйварчдад найдах өчүүхэн ч зүйл алга” гэсэн нь Монголчууд бүгдээрээ нийлж нэгдэн авлигач, олигархиудтай тэмцэнэ гэсэн санаа болов уу. Одоо Хөдөлмөрийн нам нь хэрхэн бүрдэж, ямар зохион байгуулалтаар, чухам юунаас ажлаа эхлэхийг харах л үлдэж байна.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )