Н.Давааг улс төрийн шалтгаанаар үргэлжлүүлэн хорих болсон гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30


 

“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг үргэлжлүүлэн хорихоор болжээ. Түүний бие муудсан тухай хорих ангийн болон нарийн мэргэжлийн эмч нар сануулсаар байсан юм. Ар гэрийнхэн нь мөн “Шоронд үхүүлчихгүй юмсан” хэмээн шүүх, прокурорт өргөдлөө өгөөд хүлээж байлаа. Гэвч түүнийг батлан даалтанд гаргасангүй. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх  асуудлыг нь өнөөдөр 15.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцээд  хорих хугацааг үргэлжлүүлэн 30 хоногоор сунгасан байна.  Харин эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж “Цагдан хорих” төвийн эмнэлэгт хэвтүүлэх шүүхийн шийдвэр гарчээ.  Энэ оны 8 дугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн шүүх Н.Давааг цагдан хорьж, мөрдөх хугацааг сунган,  8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм. Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг нь ийнхүү сунгасаар байна. “Гал үндэстэн” холбооныхонтой холбоотой ажилласан, тэднийг санхүүгийн болон үзэл санааны хувьд дэмжсэн нь түүнд ийм гай авчирсан бололтой. Өмгөөлөгч нар нь Н.Давааг батлан даалтанд гаргахгүй үргэлжлүүлэн хорьж буйг улс төрийн шалтгаантай хэмээн тайлбарлаж байгаа ажээ.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top