Ц.Элбэгдорж цөмийн хаягдал булах яриа гаргасан албан тушаалтныг олж хариуцлага тооцохыг үүрэг болгов

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31

 Монголд цөмийн хаягдал булшлах тухай шуугиан дэгдээд олон сар боллоо. Японы “Майничи” сониныхон анх энэ талаар гаргасан мэдээллээ үнэн бодитой гэдэгт одоо болтол итгэлтэй байгаа ажээ. Үүний мөрөөр Монголын зарим төрийн бус байгууллага, судлаачид багагүй хөөцөлдөж, эх сурвалжуудтай биечлэн уулзсан байна. Судлаач А.Саруулын мэдээлснээс үзвэл Монголд цөмийн хаягдал булшлах урьдчилсан яриа хэлэлцээрийг манайхаас Эрдэс баялаг баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар,  тус яамны Тусгай үүргийн Элчин сайд А.Ундраа “Дорнод-Уран” компаний захирал Бадамдамдин, ахмад дипломатч Луузан нарын зэрэг хүмүүс хийгээд байгаа гэсэн юм.  Эдгээртэй холбоотойгоор Ногоон эвслээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан тодорхой асуулга тавьж, шаардлага хүргүүлсэн байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын ажлын албандаа цөмийн хаягдал булах талаар ямар албан тушаалтан, хэзээ хаана, хэнтэй яриа хэлэлцэл хийсэн, энэ нь үнэн бол хариуцлага тооцох талаар үүрэг чиглэл  өгчээ. Урьд нь бас нэг удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан гадаадын эрх эрхэм түүнд цөмийн хаягдал булшлах тухай санал тавьсан боловч тэрээр “Монголд тийм асуудал огт байх ёсгүй” хэмээн товч бөгөөд тодорхой хариу өгч байсан гэнэ. Тэгэхээр Монголыг цөмийн хаягдлын цэг болгох гэсэн санаархал гадаад улс орнуудад байсаар байгаа ажээ. Гэхдээ саяхан манай оронд айлчилсан Америкийн дэд ерөнхийлөгч Жо Байден энэ талаар ам нээгээгүй гэнэ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top