“Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн бусдыг заналхийлсэн, их хэмжээний авлига өгөхийг оролдсон хэргийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31


Газрын төлөөх дажин Монголд улам хүчтэй дэгдэж байна. Барилгын компаниуд нийслэл хотод хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга барих газаргүй болтол цөлмөжээ. Энэ жил хүүхдийн цэцэрлэггүйн улмаас 400 гаруй мянган хүүхэд гэрийнхнийхээ асрамжинд үлдлээ. Эмнэлэг барих газар ч бас байхгүй болсон гэнэ. Гэтэл “Алтай констракшн” мэтийн  даварсан компаниуд хэдэн жилийн өмнө нийслэлийн газрын албаныхантай хуйвалдан авсан газраа барилга барихаар улайрч, нийтийн зам, талбайг таглах гэж байна. Иргэд бухимдан гомдол гаргасны дагуу нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр газрын захирамжийг нь хүчингүй болгосон юм. Гэтэл тус компанийхан түүнийг Захиргааны хэргийн шүүхэд өгч, 1,1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Мөн үүгээр зогссонгүй, Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 17 дугаар хорооны засаг дарга Д.Байдрагыг удаа дараа дарамтлан, их хэмжээний мөнгө амлахдаа, “Хоолойд чинь тултал мөнгө  өгнө” хэмээн компаний захирал Х.Бат-Эрдэнэ нь томорч байв. Компаний үйл ажиллагаанд саад учрууллаа гээд цагдаагийн байгууллагад хүртэл өгчээ. Д.Байдраг ч бас хариуд нь Х.Бат-Эрдэнийг авлига өгөх гэж оролдсон, амь насанд заналхийлэл учруулсан гээд цагдаад хандсан байна. Ийнхүү гурвалжин, дөрвөлжин маргаан тэмцэл үргэлжилсээр байна. Тус дүүргийн иргэд “Алтай констракшн” компанийн  тэрхүү барилга барихаар дайрч байгаа талбайд мод, зүлэг суулган, цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах төсөл хийж, ажлаа эхлэх гэж байтал ийм явдал болсон байв. Захиргааны хэргийн шүүх нийслэлийн захирагч Г.Мөнхбаярын  гаргасан дээрх захирамжийн талаар удахгүй шийдвэрээ гаргана. Авлигын мөнгө амлаж, хүн амьтан ална тална гэж заналхийлсэн Х.Бат-Эрдэнэ захирлын хэрэг ч удахгүй шүүхэд шилжих бололтой.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top