Борооны дараах мөөг шиг олширсон бөө болох хөдөлгөөн сүлжээний пирамидийн зарчмаар явж байна. Бөө болж буй хүн 3-5 сая төгрөг төлж “тусгай сургалтанд” хамрагдана. Янз бүрийн дасгалыг давж, "ид шид"-ийг эзэмшсэний дараа алдсан мөнгөө эргүүлэн олж авахын тулд дараагийн хүнийг элсүүлэх замаар бөөгийн сүлжээ тэлж байдаг. Түүнд нь түлэгдэх, шарагдах ... дасгалууд нэлээдгүй ордог бололтой.
"Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
Эдгээр үгийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Урьд нь түлэгдэж байсан бол одоо бөө удган болох гэсэн хүмүүс өөрсдөө халуун усанд шалзарч үхэх болов. Өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг Ээж хайрхан дээр уг явдал болжээ. Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг бөө удганууд шинээр бөө босгохдоо нутаг нутгийн онцлогоос шалтгаалж янз бүрийн зан үйл хийдэг. Амиа алдсан эмэгтэйн багш нь шавиа босгохдоо бөөгийн ариутгал гэж буцламгай халуун устай холбоотой ёслол үйлдсэн аж. Харамсалтай нь уг ёслолыг үйлдсэн шавь нь газар дээрээ шалзарч нас барсан байна. Бөө болох гэж ийнхүү өөрсдөө амиа алдахаас гадна бөө нар чухам л энэ галтай холбоотой заслаараа эрдэнэт хүний амийг авч явсан тохиолдол цөөнгүй гарах боллоо. Тухайлбал нэгэн бөөд тархиа "зад угаалгасан" эмэгтэй аргалуулж засал хийлгэж байна гээд нөхрөө бөөтэй нийлээд шатааж алжээ. Биеэ битүү ороолгосон нөхөр нь ёолон хашгирсан ч юун тэвчээргүй юм, муу муухай болгоныг чинь биеэс чинь зайлуулж байна хэмээн галтай засалаа үргэлжлүүлсээр байжээ. Засал дууссаны дараа боолтыг нээхэд нөхөр нь хэдийн нь амиа алдсан байв. Ноднин жил нэгэн бөө 35 настай залууг архинаас гаргана хэмээн халуун архиар битүү утсанаас амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан . Бөө болох сүлжээний бизнес Монголд ийнхүү хүчээ авснаар золиосонд явах ухамсар дорой хүмүүс сайн дураа элбэгшиж байгаа нь туйлын харамсалтай.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )