Эх орны хишиг, хувиа орон сууцны төлбөрт зарцуулж болохоор боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31

“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас сонгосон, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, худалдаж авсан иргэн “Хүний хөгжил сан”-гаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй болж байна. Иргэдийн худалдан авах орон сууцны барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой гэж төсөлд заасныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 30 хувь байхаар тогтлоо.

Иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргах бөгөөд хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, захиалсан болон худалдаж авсан орон сууцны төрөл, хэмжээ, байршил, орон сууц барихаар захиалга авсан, барьсан байгууллагын нэр, дансны дугаар зэргийг тодорхой бичнэ. Хэрвээ тухайн иргэний орон сууц худалдаж авсны төлбөрт гэр бүлийн бусад гишүүн хишиг, хувиа оруулах хүсэлтэй бол түүний хүсэлтэд 16 нас хүрсэн гишүүн бүр гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой. Харин 16 нас хүрээгүй болон Гэр бүлийн тухай хуулийн 63.1.4, 64.1.4, 64.1.5-д заасан хүний хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гаргах юм.

Мөн хүсэлтэд орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь, орон сууц худалдан авсан төлбөрийн баримт, тухайн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргах ёстой гэж журамд заажээ. Сум, хорооны нийгмийн ажилтны хүлээн авсан иргэний хүсэлтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны байгууллага авч иргэний нэрийн жагсаалтыг улсын хэмжээнд нэгтгэн, аймаг, дүүрэг, захиалга авсан байгууллага тус бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Орон сууцны санхүүжилтийн корпорацид сар бүр хүргүүлэх юм.

Корпораци хишиг, хувь хүртэх иргэдийн хүсэлт “100 мянган орон сууц” хөтөлбөрт хамрагдаж буй эсэхийг хянан, орон сууц захиалагчдын нэрийн дансны мэдээллийн санд оруулж, улмаар төлбөрийн дансны бүртгэлийг нэгтгэн Сангийн яаманд хүргүүлэх юм байна. Сангийн яамны Төрийн сангийн газар нь батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт багтаан “Хүний хөгжил сан”-гаас хөрөнгийг орон сууцны захиалга авсан байгууллага, иргэний дансанд шилжүүлэхээр болжээ.

Мөн журамд өдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн оюутнууд “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй гэсэн нэмэлт орууллаа.  Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсвийн тодотгол, 2012 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод  даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top