Хотын утааг арилгах арга хэмжээг төр, засгаас дэс дараатай, тэгэхдээ эрчимтэй авч хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ тухай зарим нь өнөөдөр дөнгөж ярих төдийхнөөр ажлаа хязгаарлаж байх шиг байна. Өндөр технологийн утаагүй зуух оруулж ирээд айлуудад өгч байгаа боловч түүхий нүүрс түлэх явдлыг энэ өвөл бүрэн зогсоож чадахгүй бололтой. Нийслэлийн хэмжээнд нүүрсийг хязгаарлах бүсчлэл тогтоож өгсөн. Энэ бүсэд Баянгол дүүргийн 9,10,11,16,21,22,23 дугаар хороог хамруулжээ. Харин бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүсэд Чингэлтэй дүүргийн 12,13,14,15,16,17,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13,14,15,16,17,18 дугаар хороо, Сонгино хайрхан дүүргийн 3,4,5,6,7,8,9,10,13,23 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 9,10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26,27,28,4,5,19,21,22,27 дугаар хороог тус тус багтаажээ.
Бүрэн шаталттай, утаагүй зуухыг тараахдаа тусгай дугаар тавих бөгөөд энэхүү дугаарынхаа дагуу айлуудаар явж, зуухыг бүрэн ашиглаж буй эсэхийг шалгахгүй бол зарим айлууд өнөөх л түүхий нүүрсээ түлж агаарыг бохирдуулсаар байх юм байна. Хэрвээ энэ зуухыг ашиглаагүй, бусдад худалдсан зэрэг зөрчил илэрвэл хариуцлага тооцохоор боллоо. Мөн шахмал болон үртсэн түлшийг ч бас хатуу хяналтанд оруулж, уут савлагааг нь таних тэмдэгтэй болгожээ. Эдгээр түлшийг дээрх утаагүй бүсэд 160 цэгээр дамжуулан түгээх, худалдаалах юм байна. 300-400 мянган төгрөгний үнэтэй бүрэн шаталттай утаагүй зуухыг 25 мянган төгрөг болгон хямдруулжээ.
Иргэд маань өөрсдийн ухамсарт үйл ажиллагааныхаа үр дүнгээр хорт утаанаас хүмүүсийг болон өөрийгөө хамгаалах тул цаашид амьдралын хэвшил болгохын тулд ийм журам мөрдөхийг хотын захиргаа хатуу шаардаж байгаа ажээ. Түүхий нүүрснээс хамгийн хортой утаа, тоосонцор ялгардаг. Хүний биед хамгийн хортой нь 2,5 микро метрээс бага хэмжээтэй тоосонцор юм байна.
Энэ өвлөөс өрсөн 80 мянган айл өрхөд бүрэн шаталттай зуух, 20 мянган орчим өрхөд утаагүй түлшийг хямдарсан үнээр олохоор боллоо.
Ингэж түүхий нүүрсний 50 орчим хувийг хязгаарлахаар шийджээ. Гагцхүү энэ ажилд иргэдийн идэвхтэй оролцоо чухал болж байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )