Өнгөрөгч бямба гаригт Баянзүрх дүүргийн IV хорооны III байранд эхнэр, нөхөр хоёрыг 5-9 удаа хутгалж, охиныг хүчиндээд амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Алуурчинг Бямбасүрэн овогтой Эрдэнэбилэг гэдэг бөгөөд 1980 онд төрсөн 8-р ангийн боловсролтой тэрээр талийгаачдын охин М.Үзмэнгуатай үерхэж байгаад өөрөөс нь харилцаагаа тасалснаас болж гэр бүлээр нь хөнөөсөн. Гэр бүлийн гурван хүнийг хөнөөхөөс өмнө Б.Эрдэнэбилэг хүн амь, дээрэм, хүчин, танхай гээд холбогдсон “эрүүгийн элемент”. Тэрээр 2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өөрийн найз С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар Н.Мэндбаяр, Ш.Гантулга нартай архидсан байна. Архидах явцад Б.Эрдэнэбилэг хутга гарган сүрдүүлж, найз нараа удаан зодсоны эцэст цахилгааны утсаар хүлж орхиод Ш. Гантулгыг дагуулан гарч явсан байна. Баянгол дүүргийн 23 дугаар хорооны есдүгээр байранд оршин суух Мэндбаярынд 23 цагийн үед очсон аж. Н.Мэндбаярын дүү Б-г хаалга онгойлгож өгөхөд Б.Эрдэнэбилэг хоолойг нь боож, гэрт ороод Н.Мэндбаярын ээжийн бэлэг эрхтнийг нь хутгаар хатган тохуурхаж байгаад хүчиндсэн байна. Тэрээр гэрээс гарахдаа 1,455,000 төгрөгийн ээмэг бөгж, зүүлт зэргийг дээрэмдсэн бөгөөд энэ үед хүлээтэй үлдсэн гурван залуугийн нэг болох Н.Мэндбаяр хүлээндээ ороогдон амьсгал хураасан аж. Гэмт хэрэгтэнг баривчлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32,2 дахь хэсгийн 91 дүгээр зүйлийн 91,2,2, 91,2,11, 91,2,15, 91,2,16-аар яллах дүгнэлт үйлджээ. Нэгэнт хийсэн хэрэг нь тодорхой байсан тул чинээлэг эцэг эх нь өмгөөллийн хүчирхэг баг бүрдүүлэн Б.Эрдэнэбилэгийн хүчин, дээрэм, танхай гэсэн зүйл ангиудыг "Өршөөлийн хууль"-д хамруулж чаджээ. Ингээд анхан шатны шүүх хурлаар Б.Эрдэнэбилэгт чанга дэглэмтэй хориход 22 жилийн ял оноосон ч шүүх, прокурорын газраас нийт дөрвөн удаа мөрдөн байцаалтад буцсан байна. Үүнд голлох үүргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат гүйцэтгэдэг байжээ. Улмаар алуурчин танхай балмад этгээдэд 4,5 жилийн хорих ял оноосон байна. Шүүхээс 4-5 жилийн ял сонссон Б.Эрдэнэбилэгийн цагдан хоригдох хугацаа дууссан учир сулласан. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт буюу хэрэг гарахаас нэг хоногийн өмнө товлогдсон ч шүүх хурал хохирогчид ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлогджээ. Харин хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл амташсан алуурчин эр хохирогчдын гэрт очиж хүний амь насанд хүрч, ичих ч үгүй гэрт нь садар самуун кино үзчихээд гарч явсан байна. Баян эцэг эхийн буян, чадварлаг өмгөөлөгчийн баг бүрдүүлсэн алуурчин хуулийн цоорхойг ашиглан батлан даалтад гарсан нь манай хуулийнхан хичнээн ялзарсныг зөвхөн энэ жишээгээр харж болно. Хэрэв энэ хэргийг нарийн шалгах юм бол прокурор, шүүгч нь хахууль авсан, хэн нэгнийн нөлөөнд автсан болох нь тогтоох болно. Хэрэв түүнийг батлан даалтад гаргаагүй байсан бол гурван хүний алтан амь эрсдэж, ард нь хоцорсон хүүгийн сэтгэл санаа хямрахгүй үлдэх байсан. Дөрвөн хүний аминд хүрч, хүчин, танхайн хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэгт хуулиар бол ялын дээд хэмжээ оноох ёстой ч цаазлахгүй болохоор татвар төлөгч та бидний мөнгөөр алуурчинг, дээрэмчин, балмад этгээдийг тэжээх болж байна. Шударгаар татвар төлөгч та бидний мөнгөөр тэжээгдэж байгаа алуурчинг энэ удаад чадварлаг өмгөөлөгчид нь сэтгэцийн өвчтэй гэж ялаас хамгаалах магадлал өндөртэй. Мөн хуулийнхан тэр тусмаа прокурорынхон дахин батлан даалтад гаргаад суллачих вий дээ. Шударга хүмүүс минь харж байдаг юм шүү.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Алуурчдын эцэг эхийг цааш нь харуулах хэрэгтэй Прокурор Шүүхийн байгууллага дэндүү авилгалд идэгджээ.Мөрдөн байцаагч мэдүүлгийг нь өөрчилж шалгах ёстой юмийг нь шалгахгүйн төлөө их хэмжээний мөнгө авна Дээр нь прокурор шүүхийнхэн бага ял өгсний төлөө мөөнгө авна Тэгэхээр хэрэгтэн зайлшгүй бага ял авна